Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах явдлыг алгуурлахыг зөвшөөрөхгүй, Сирийн эрх мэдлийг даруйхан өөр хүнд шилжүүлэх ёстой хэмээн АНУ үзэж буй гэж Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Сирийн улс төрийн амьдралд суннитүүдийг оролцуулахгүйгээр эндхийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй, Асадыг огцруулахыг алгуурласнаар Сирийн иргэний байгууллагуудыг сүйрүүлнэ. Түүнийг зохион байгуулалттайгаар огцруулахдаа өшөө хонзон авах явдал гаргуулахгүй байх нь чухал гэж Керри үзэж байна.Сирийн зөрчлийг шийдвэрлэхдээ Оросыг татан оролцуулахыг АНУ-ын хувьд “боломж” гэж тэрбээр хэллээ. Түүнаас гадна Асадын Засгийн газрыг дэмжихээ Москва үргэлжлүүлээд байвал хүн амын ихэнх нь суннит байдаг Ойрхи Дорнодын орнуудтай хэл амаа ололцоход түвэгтэй болно. Энэ нь Орос улсыг ариун дайнчдын бай болоход хүргэж болзошгүй гэж зовниж буйгаа Керри илэрхийлжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ Сирийн хямралыг шийдвэрлэхээр АНУ болон Өрнөдийн орнуудын явуулж буй бодлогыг шүүмжилсэн юм. Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Орос улс Сирид агаараас цохилт өгөхөд л оролцож болох юм гэсэн санаагаа хэлсэн. Сири дэх алан хядагчдын эсрэг тэмцэлд гагцхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн үндсэн дээр оролцоход бэлэн хэмээн Путин тэмдэглэсэн.
2011-2013 онд Сирид Башар Асадын дэглэмийн үйлдсэн цэргийн гэмт хэргийг Францын эрх баригчид мөрдөн шалгаж эхэлсэн байна. 2013 оны долдугаар сард Сириэс зугтсан цэргийн фото зурагчны мэдүүлэг дээр үндэслэж урьдчилсан мөрдөн байцаалт явуулжээ. Амиа алдсан хүмүүсийн дүрсийг харуулсан 55 мянган зургийг тэр зурагчин Сириэс авч гарсан байв. Сирийн байдлын тухайд Ерөнхийлөгч Башар Асадыг нь оролцуулалгүйгээр Орос, Ирантай хамтарч ажиллахад Франц улс бэлэн хэмээн Ерөнхийлөгч Франсуа Олланд нь урьд нь мэдэгдэж байсан юм.