Санхүүгийн хямрал болон Сангийн зардалтай уялдан Нобелийн шагналын дагалдах мөнгөний хэмжээ 10 сая крон байснаа 2012 онд найман сая болж буурсан удаатай. Тэгвэл энэ оны шагналын мөнгө өмнөх хоёр жилийнх шигээ найман сая кронтой тэнцүү байх аж. Гэхдээ шведийн кроны ам.доллартай харьцах ханш суларсантай холбогдож 2001 оноос хойш анх удаа нэг сая кроноос доош орж 950 мянга болох гэнэ. Шагнал хүртэгчдийн хувьд мөнгө гол бус нэр хүнд нь чухал гэж Нобелийн сангийн гүйцэтгэх захирал Ларс Хайкенстен үзэж байна.Энэ оны найман сая крон бол 1901 онд гардуулсан Нобелийн анхны шагналын мөнгөний 98 хувьтай тэнцэнэ гэж шинжээчид үзэж байна. Тэр үед шагналын хэмжээ 150.8 мянган крон байсан нь одоогийн ханшаар 8.179 сая крон гэсэн үг гэнэ.
Нобелийн шагнал тус бүрийг гурваас илүү хүнд өгдөггүй журамтай. Шинжлэх ухааны нэг нээлт хийсэн гурван хүн шагнал хүртвэл мөнгийг тэнцүү хувааж өгнө. Нэг номинацын шагналыг хоёр бүтээлд олгох бол тэдний нэг нь хоёр хүнийх байвал тэд тус бүрдээ шагналын дөрөвны нэгийг авна. Шагналыг нэг хүнд нэг л удаа олгодог.Тэнцэх нэр дэвшигч байгаагүйгээс шагнал олгоогүй тохиолдол бий аж. Тухайлбал, Дэлхийн I, II дайны жилүүдэд шагналд нэр дэвшигч цөөхөн байснаас сонголт хийхэд түвэгтэй байжээ.
Нэр дэвшүүлэх ажил есдүгээр сард эхэлж дараа оны нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болдог.Шагналыг Альфред Нобель өөд болсон арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм, Осло хотод гардуулдаг юм.Энх тайвны шагналыг Осло хотод Норвегийн Нобелийн хорооны дарга нь ванг байлцуулан гардуулж өгнө. 1990 оноос ёслолыг Норвегийн нийслэлийн захирагчийн газрын танхимд үйлдэх болсон байна. Ёслолын үед шагнал хүртэгч үг хэлдэг. Бусад шагналыг Стокгольмд Шведийн ван гардуулдаг. 1925 оноос шагнал гардуулах ёслолыг Стокгольмын Концертийн танхимд үйлдэх болжээ. Нэрийг нь зарласнаас хойш нэг жилийн дотор тухайн хүн шагналаа авахгүй бол мөнгийг сангийн мэдэлд үлдээдэг аж.