2010 оноос чанга дэглэмтэй шоронд хоригдож буй “Барби” хочтой Эдгар Вальдесийг Мексикийн эрх баригчид АНУ-д хүлээлгэж өгөв. Тэрбээр мансууруулах бодистой холбоотой томоохон гэмт хэрэгтэн гэгддэг юм байна. Түүнтэй хамт 12 хоригдол шилжүүлж байгаагийн дотор бүлгийн удирдагч Хорхе Эдуардо Кастилья Санчес байгаа аж.Мексикийн Ерөнхий прокурорын газрын нэг агентлагийн тэргүүн Томас Серон “Гэмт хэрэгтнүүдийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хамтын хүчин чармайлт гаргах тухай олон улсын хэлэлцээрийг бэхжүүлж байгаа юм” гэж хэлснийг хэвлэлд иш татсан байна.
Мексикийн Морелос муж улсын Кулутла хотод байдаг Вальдесийн эзэмшлээс булш олдсон бөгөөд тэнд 10 цогцос байсан гэж Нийгмийн аюулгүй байдлын улсын комисс өнгөрсөн сарын 18-нд мэдээлсэн аж. Дээрх шоронд мансууруулах бодистой холбоотой “Синала” бүлгийн удирдагч Хоакин Гусман Лоэр гэгч хоригдож байгаад долдугаар сарын 18-ны шөнө оргосон байна. Түүнийг чөлөөлж авахын тулд 10 метрийн гүнд 1.5 км урт хонгил ухжээ. Энэ хэрэгт сэжиглэн 13 хүн баривчилсны дунд засан хүмүүжүүлэх байгууллагад ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан, уг шоронгийн дарга асан хүмүүс байсан аж.Вальдес нь АНУ-ын уугуул бөгөөд ах дүү Бельтран Лейвагийн бүлэгт алуурчдын отряд удирдаж явжээ. 2009 оны арванхоёрдугаар сард бүлгийн ахлагч нь алагдсаны дараа Барби болон Артурогийн ах Эктор хоёр эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлжээ.