Оросын Агаарын нисэх хүчний онгоцууд лхагва гаригийн өглөө Сирийн нутаг дэвсгэр дээгүүр 20 орчим удаа нислэг хийжээ. Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенковын хэлснээс үзвэл “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн найман обьектод Оросын нисэх хүчин цохилт өгсөн аж. Үүнд зэвсэг, сум хэрэгсэл, шатах тослох материалын агуулах, байлдааны техникүүд өртсөн байна. Уулархаг нутагт цэргүүдийн үйл ажиллагааг удирдах байруудыг бүрэн устгажээ.
Энэ үүргийг гүйцэтгэсэн Оросын нисэх хүчний хэсэг “Хмеймим” гэдэг нисэх онгоцны буудалд байрлаж буй юм байна. Агаараас тандалт хийж, Сирийн армийн штабын өгсөн мэдээллийг нягталж байж цохилт өгсөн. Иргэний зориулалттай дэд бүтцийн обьектуудад Оросын онгоцууд зэвсэг хэрэглээгүй гэж хошууч генерал Конашенков мэдэгдсэн байна.
Оросын зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах зөвшөөрөл хүсэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Холбооны зөвлөлд ханджээ. Депутатууд энэ хүсэлтийг санал нэгтэй дэмжсэн байна. Кремлийн засаг захиргааны тэргүүн Сергей Ивановын ярьснаар бол цэргийн тусламж үзүүлэхийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Оросоос хүссэн аж. Ивановын онцолсноос үзвэл Оросын цэргийн алба хаагчдыг агаарын цохилт өгөхөөс өөр ажиллагаанд оролцуулахгүй юм байна.