Афганистанд эмнэлэг бөмбөгдсөнөөс тэндхийн ажилтан, энгийн иргэдийн амь нас үрэгдсэнд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлжээ. Тус улсын аюулгүй байдлыг хангахад Афганистаны Засгийн газар болон гадаадын түншүүдтэйгээ АНУ цаашид ч хамтран ажиллана гэж Обама мэдэгдлээ.
Кундуз хотод байдаг “Хил хязгааргүй эмч нар” гэдэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагын эмнэлгийг энэ сарын 3-ны шөнө нэг цагийн хугацаанд хэд хэдэн удаа бөмбөгдсөн юм. Нийтдээ 20 орчим хүн амь үрэгдсэний гурав нь хүүхэд байсан аж. Энэ явдлыг “Хил хязгааргүй эмч нар”-ын ерөнхийлөгч, хатагтай Меини Николаи олон улсын хүмүүнлэгийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал” гэж нэрлээд энэ хохирлыг “байх л учиртай гарз” мэтээр үзэхийг бид зөвшөөрөхгүй гэж хэллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эмнэлэг болон түүний ажилтнууд олон улсад мөрддөг хууль журмаар эрхээ хамгаалуулсан байдгийг сануулсан байна.“Талибан” хөдөлгөөний дайчид өнгөрсөн сарын 28-нд Кундуз хотыг эзэлж авсан юм. Хотыг чөлөөлөх ажиллагааг Афганистаны Батлан хамгаалах яам маргааш нь эхлүүлж, АНУ агаараас цохилт өгч 160 талибыг устгасан байна. Афганистанд одоо Америкийн 10 мянга, НАТО-гийн 3000 цэрэг байгаа юм. Олон улсын Засгийн газрын бус “Хил хязгааргүй эмч нар” байгууллага эндхийн хүмүүст сайн чанарын эмчилгээ үзүүлж байхаар 1980 оноос ажиллаж эхэлжээ.