Америкийн тэргүүлсэн олон улсын эвсэлд хамтрагч Англи, Франц, Герман, Турк, Катар, Саудын Араб улсууд Сирид “Исламын улс”-ын байрлалд өгч буй цохилтоо зогсоохыг Орост уриалж эхэллээ. Оросын агаараас өгч буй цохилт нь зөрчлийг улам шатлан өргөжүүлж, хэт даврагч үзлийг дэврээнэ гэж болгоомжилж байгаа аж. Тэгвэл “бидний үзэж буйгаар Сирид алан хядах ажиллагаа хумигдахад Оросын өгч буй цохилт нөлөөлж байна” гэж Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри мэдэгдлээ. Энэ бол тус улсын зүгээс өгч буй анхны үнэлгээ юм. Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийг Оростой уялдуулж хийвэл Сирийн хямралыг зохицуулахад үр дүнтэй байх болно гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр хэлсэн үгэндээ онцлов.
Америкийн Агаарын цэргийн хүчний штабын даргын тагнуулын үйл ажиллагаа эрхэлсэн орлогч, дэслэгч генерал Роберт Отто мэдээлэхдээ Оросын Агаар-сансрын хүч Сирийн сөрөг хүчинд цохилт өгөөгүй гэж мэдээлсэн байна. Харин Ерөнхийлөгч Башар Асадын цэрэгтэй байлдуулахаар Америкийн ТТГ-ын ажилтнууд бэлтгэлийг нь хангаж буй босогчдын байрлаж байгаа Идлиб муж дахь лагерьт Оросын нисэх хүчин хоёр ч удаа цохилт өгсөн аж. Үүнтэй холбогдуулан Конгрессийн Зэвсэгт хүчний хорооны дарга Жон Маккейн Оросын онгоцнуудын бай нь “Исламын улс” биш, Сирийн сөрөг хүчний дайчид болж байна гэж мэдэгдэв. Энэ маягаар АНУ, Өрнөдийн орнууд хийгээд зарим улс уг үйл явдалд янз бүрээр хандаж байна.Оросын нисэх хүчний Сири дэх ажиллагаа ОХУ-ын Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Владимир Путиний тушаалаар есдүгээр сарын 30-нд эхэлсэн юм. Үүнд эртнээс бэлтгэжээ.
Сири рүү оросууд байлдааны зэвсэг техник аваачих нь эрчимжиж буйг бүр наймдугаар сарын дүнд үеэс л улс орнуудын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийн сонорт хүргэсээр ирсэн. Энэ талаар Монголын хэвлэлүүд ч уламжилж л байсан.Оросын агаар-сансрын хүч цохилт өгч эхэлснээс хойш “Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирид хянаж байсан газар нутгаа орхиж Европ руу зугтах болсныг Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб энэ сарын 3-наас мэдээлэх болов. “Тэдний дунд сандарч мэгдэх, оргож зугтах явдал их болж, хөлсний 600 орчим дайчид нь байрлалаа орхиж Европ руу зугтжээ” хэмээн ерөнхий штабын шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа генерал Андрей Картаполов хэлсэн байна. Оросын нисэх хүчин цохилт өгч буй бүсэд “Алан хядагчдаас өөр хэн ч алга” гэж АНУ-ын тал ОХУ-ын Батлан хамгаалах яаманд дуулгасныг энэ генерал бас онцолжээ.
Оросууд цохилт өгч эхэлсэн тухай мэдээлэл “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй бусад улсын сонорт Батлан хамгаалах болон Гадаад хэргийн яамдаар нь дамжиж хүрсэн байна. Цохилт өгч буй бүсээс зааварлагч, зөвлөх болон Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэсэн үнэ цэнэтэй мэргэжилтнүүдээ гаргахыг бид зөвлөсөн гэж генерал Картаполов тэмдэглэжээ.Оросын нисэх хүчний хэсэгт Су-24М, Су-25, Су-34 зэрэг 50 нисэх онгоц, нисдэг тэрэг орж буй аж. Өнгөрсөн сарын 30-наас хойш оросууд 60 гаруй удаа нислэг хийж “Исламын улс”-ын алан хядагчдын 50 объектийг үнсэн товрог болгожээ. “Гурав хоногийн дотор бид алан хядагчдын материал техникийн баазыг дэлбэлж, байлдах чадавхийг нь ихээхэн бууруулав” гэж мөнөөх генерал Картаполов мэдэгджээ.
Оросын нисэх хүчний хэсэг юуны түрүүнд удирдлагын байр, зэвсгийн агуулах, харилцаа холбооны цэгүүд, зэвсгийн үйлдвэр, дайчдын сургуулилалт, бэлтгэл хийдэг лагериудыг овоо хараандаа авч буй юм байна.Оросууд цохилт өгч эхэлснээр алан хядагч бүлэглэлийн дайчид Иракийн Мосул хотод байсан гэр бүлийнхнээ зөөж, нүүлгэх болжээ. Өөрсдөө ч цэргийн төв байраа орхиж орон сууцнуудад толгой хоргодох болсон аж. Эзэлж авсан хотынхоо гудамжинд байлгадаг харуулынхаа тоог ч тэд цөөлсөн байна. Оросуудын цохилтод “Исламын улс”-ын өндөр албан тушаалтан амиа алдсан, дайчдаас 100-гаад нь амь үрэгдсэн гэх мэдээлэл ч бий.Дашрамд мэдээлэхэд, үндэсний эвлэрлийн хөтөлбөрийн хүрээнд Сирийн сөрөг хүчний 700 хүн зэвсгээ хаяж, Дамаск хотоос урагш 110 км-т байдаг Дераа хотод цэргийнхэнд бууж өгчээ. Мөн Иордан, Туркт байдаг лагериуддаа бэлтгэл, сургуулилалт хийлгэхээр Сирийн дайчдаас АНУ сонгож авдаг байснаа есдүгээр сарын 30-наас түр зогсоосон байна.