Португалийн Сайд нарын танхимын тэргүүн, Социал демократ нам, Португалийн ардын намын баруун төвийн эвслийн нэрсийн жагсаалтад нэгдүгээрт нэр нь бичигдэж буй Педру Пассуш Коэлю Засгийн газраа эмхлэн байгуулах ажилд ороход бэлэн гэж мэдэгджээ. Түүний тэргүүлсэн эвсэл саяны ням гаригт болсон Парламентын сонгуульд 37 хувийн санал авч ялсан аж. Гэхдээ энэ нь Парламентад дийлэнх олонх болсон гэсэн үг биш. Португалийн Социалист намыг сонгогчдын 32.3 хувь нь дэмжсэн байна. Пассуш Коэлюгийн хэлснээр бол одоо Засгийн газраа бүрдүүлэх асуудлаар яриа хэлэлцээнүүд эхлэх ёстой аж. “Ялчихаад улс орноо жолоодож чадахгүй байна гэдэг хачирхалтай. Бид улсаа удирдахад бэлнээ Ерөнхийлөгчид дуулгасан” гэж тэрбээр нэмж хэлжээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрынхаа ойрын үеийн зорилтыг ч тодорхойлчихоод байгаа юм байна.