Энэ жил Чехэд саатуулагдсан 2.4 мянган дүрвэгчээс 123 хүн шүүхэд хандсан байна. Дүрвэгчид цаашаа Европын бусад улсыг зорихыг хүсэж буй тул тэднийг Чехэд барьж, хорихыг эсэргүүцэж буй аж. Шүүхэд ийнхүү хандах нь нэмэгдэж ч магадгүй гэж Чехийн Хууль зүйн сайд Роберт Пеликан үзэж байна. Эхний “хэргийг” яаж шийднэ вэ бусдыг нь түүний адилаар шийдэхээс аргагүй гэж сайд хэлжээ.
Хүмүүс тэнд ямар хугацаагаар байхыг нь мэдэхгүй учраас түр хоргодох байрны амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж Пеликан хэлсэн байна. Нөгөө талаас Чехийн төрийн байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй ч дүрвэгсэд өөрсдөө үнэн зөв мэдээлэл өгөхгүй, хамтарч ажиллах талаар санаачилга гаргахгүй байна гэж Чехийн Дотоод хэргийн сайд Милан Хованец үзэж байна.
Оны эцэс гэхэд тус улсад 1.5 сая хүртэл дүрвэгч ирэх болов уу гэж Германы эрх баригчид таамаглаж байгаа гэнэ. Энэ оны дөрөвдүгээр улиралд өдөрт 6-10 мянган дүрвэгч хилийн дээс нууцаар алхах төлөвтэй байгаа аж. Ойрхи Дорнод, Умард Африкийн орнуудаас Европ руу ирэх дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах шаардлагатай гэж Германы Сангийн сайд Вольфганг Шойбле мэдэгдлээ.