Тус улс дахь иргэний дайныг зогсооход нэмэр болох юм бол Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хэдэн жил албан тушаалдаа нэр төдий байж болох юм гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хэммонд мэдэгдлээ. Тэгэхдээ Асад цаашдаа Сирийн улс төрийн амьдралд огт оролцохгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх баталгаа бидэнд хэрэгтэй хэмээн тэрбээр онцлов. Түүнчлэн 250 мянган хүн алагдаж, 12 сая хүн дүрвэсний хагас нь эх орноосоо дайжчихсан улсад чөлөөт, шударга сонгуулийн талаар ярьж яаж болох билээ гэж Хэммонд тэмдэглэсэн байна.
Сирийн эрх мэдлийг өөр хүнд шилжүүлэх талаар Орос, Ирактай Өрнөд ярьж тохирсон юм байхгүйг Хэммонд хэлжээ. Тэрбээр Оросыг олон улсын систем дэх аюул занал гэж нэрлэсэн ч Ойрхи Дорнодод Москва урьдын хэвээр чухал үүрэг гүйцэтгэж байгааг, Сирийн асуудлаарх яриа хөөрөөнд Оросыг Их Британи хайхрахгүй байж болохгүйг хүлээн зөвшөөрчээ. Тэгэхдээ санасандаа хүрэхийн тулд юм л бол цэрэг, зэвсгийн хүч хэрэглэх гэдэггүй, оршин буй системийнхээ дүрэм журмыг хүлээж авдаг Орос улс бидэнд хэрэгтэй гэж тэр үзэж байна.Асадыг даруй огцруулах гэсэн шаардлагаасаа татгалзаж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн сарын 30-нд мэдэгдсэн. Асадыг нэн даруй огцруулснаар Сирийн иргэний тогтолцоог сүйдэлчихэж болзошгүй гэж АНУ үзэж байгаа аж.