“Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийх тэмцлээ АНУ тэргүүтэй эвсэл идэвхжүүлэхээр шийдсэн байна. Тус бүлэглэлийн нийслэл нь гэгдэж буй Ракка хотод шахалт үзүүлэх зорилгоор Сирийн зүүн хойд нутагт фронт нээхээр Вашингтон төлөвлөж буй аж. Лалын дайчдын байрлалд агаараас өгөх цохилтыг эрчимжүүлэхийг Барак Обама дэмжжээ. Ийнхүү эвслийн нисэх хүчин Сирийн сөрөг хүчний 3-5 мянган дайчин, Курдийн сайн дурын 20 мянган цэргээр дэмжүүлэн Ракка хот руу довтлохоор зэхэж буй аж. Түүнчлэн “Исламын улс” хэрэгцээгээ хангаад байгаа Турк-Сирийн хилийг хяналтдаа авах боломжийг ч олгоно гэж Вашингтон үзэж буй аж. Явуулах гэж буй байлдааны ажиллагаагаа Оростой уялдуулахыг АНУ хичээхгүй байгаа гэнэ. Тэгээд ч Оросын Агаар-сансрын хүч цохилт өгч буй Сирийн баруун зүгийн районуудаас хол хөндий газар эвсэл байлдааны ажиллагаа явуулах юм байна. “Орос, Иран, Асад бол Сирийн ард түмний дийлэнхтэй байлдана, бид “Исламын улс”-тай тулалдана. Бид цус урсгах болон дүрвэгсдэд учирч буй хямралыг эцэслэн шийдвэрлэх зорилгоор байлдана” гэж энэ сарын 2-нд Обама мэдэгдсэн байна.