
Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Цэдэнрагчаагийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул чөлөөлж, оронд нь Н.Мандуулыг томилов. Н.Мандуул нь 2007 оноос хойш Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж буй юм байна. Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбатыг чөлөөлж, Х.Чилаажавыг томиллоо.
Үүнээс гадна Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. УИХ нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулах хуультай. Тус зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилж буй.
Уг төслийг танилцуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг” хэмээн онцолсон.
Тиймээс ээлжит сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан тус зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Мөн Засгийн газар болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүнээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан гэв.
Үүнтэй холбогдуулан Гишүүн С.Чинзориг “Үндэсний зөвлөл чадавх муутай учраас сайдын үгээр явчих гээд байдаг” шүүмжлэлтэй хандахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Салбарын сайд нь үндэсний зөвлөлийг ахалдаг байх нь сайн, саар хоёр талтай. С.Эрдэнийн үед сайд нь дангаараа ахалдаг болсон. Энэ нь зөрчилдөөн үүсгэхийг үгүйсгэхгүй.
Тиймээс хуульд өөрчлөлт оруулах талаар нухацтай ярих шаардлагатай байна. Шинэчлэлийн ажлыг гардан зохион байгуулахад эрс шийдэмгий шийдвэр гаргах шаардлага гарвал миний бие энэ зөвлөлийг ахлах нь зөв гэж бодож байна” гэсэн юм. Харин гишүүн С.Эрдэнэ “Үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал, оролцоо нь нэр төдий байгаа, бүх хөрөнгийг нь Сангийн яам төвлөрүүлээд татчихдаг.
С.Чинзориг сайд байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг яагаад Төрийн санд шилжүүлэх шийдвэр гаргасан юм бэ. Та нийгмийн даатгалын 16 сая төгрөгөөр гараа угаасан хүн шүү дээ. Улс төрийн ашиг хонжоо хайсан юм ярихаа боль. Иймээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөр санд байршуулахыг хориглосон хуулийн заалтыг хэрэгжүүлж, Төрийн сангаас тусгаарлах талаар салбарын сайд, Үндэсний зөвлөл анхаарах шаардлагатай” гэж байлаа.
Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийж баталлаа. Төрийн нууцын тухай хуулийг 1995 онд анх баталж, өнөөдрийг хүртэл нийт таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч тэдгээр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт бус, нэр томьёо, зүйл, заалтыг өөрчлөх төдий явж иржээ.
Үндсэндээ уг хуулийг хоцрогдсон, цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн гэж үзэн шинээр боловсруулсан нь энэ. Түүнчлэн төрийн нууцтай салшгүй холбоотой төрийн байгууллагын албаны нууц нь Байгууллагын нууцын тухай хуулийн хүрээнд хэт ерөнхий зохицуулагдаж, ойлголт, хамгаалах тогтолцоо зэрэг тодорхой бус явж ирснийг хууль санаачлагч онцолж буй.
Төсөлд дурдсанаар Тагнуулын ерөнхий газраас 2011-2013 онд Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон тэдгээрийн харьяаны төрийн 362 байгууллагыг хамруулсан хяналт, шалгалт явуулсан байна. Шалгалтын дүнгээс үзэхэд, нийт 1837 зөрчил илэрснээс 40 хувь нь мэдээллийн технологи, сүлжээний орчинд төрийн нууцыг хадгалах, хамгаалах, 34 хувь нь төрийн нууцын албан хэрэг хөтлөлт, бүртгэл, 21 хувь нь төрийн нууцтай харьцах албан тушаалтан, таван хувь нь биет хамгаалалттай холбоотой зөрчил байжээ.
Иймд төрийн болон албаны нууцын асуудлыг шинэ зарчим, хандлагаар авч үзэж Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нэгтгэн, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллүүд, байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг тодорхой хуульчлах, мэдээллийг нууцлах, ил болгох оновчтой зохицуулалт бий болгохоор төсөл санаачилснаа өргөн барих үеэр мэдээлж байсан юм.
Шинэ хуулийн хүрээнд төрийн нууцын хүрээ, жагсаалтыг нэгтгэн, хамааруулах мэдээллийн жагсаалтыг тодорхой болгосон байна.