“Бид хамтдаа 10 жил амьдрахдаа бусдаас 100 төгрөг ч гуйлгүйгээр хоёр өрөө байр, машинтай болсон байв. Энэ гайтай, хар сүүдэр авчирсан тоглоомыг нөхөр маань анх 20 мянган төгрөгөөр тоглодог байсан юм. Би ч мэддэг, хожигдчихлоо л гэдэг байв. Гэвч хэдэн арван сая төгрөгөөр тоглодог болчихно гэж бодсонгүй”... Нөхрийнхөө донтолт, алдаанаас үүдсэн олон сая төгрөгийн өрийг дарах гэж машин, орон байраа ч тэд заржээ. Гурван хүүхэдтэй учраас салж түвдсэнгүй, “Дахин тоглохгүй” гэсэн хэчнээн удаагийн амлалтад нь хууртсаар, итгэсээр өнөөдөр өрөнд баригдсан, итгэл алдсан, стресс, бухимдал дүүрэн хүн болсноо нэгэн эмэгтэй бичжээ.
Ийм жишээ манай улсад маш олон бий. Өрийн сүлжээнээсээ гарч чадахаа болиод амиа хорлосон тохиолдол ч цөөнгүй. Богино хугацаанд их мөнгө олох гэсэн залуусын шуналд дөрөөлсөн цахим мөрийтэй тоглоом манай улсад газар авсны хор уршиг нь ийм. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар баталсан Зөвшөөрлийн болон Эрүүгийн зэрэг хуульд оруулсан өөрчлөлтийг эдүгээ хэрэгжүүлж эхэлснээр төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглож, зөрчсөн нөхцөлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болоод байна.
6000 ГАРУЙ ДОМЭЙН ХАЯГИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ
Манай улсын хувьд мөрийтэй тоглох нь угаас хууль бус үйлдэлд тооцогддог байсан. Гэвч тооцох хариуцлага нь сулдсан бололтой. Сүүлийн гурван жилд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт манай улсад үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа аж. Мөн цахим болон бооцоот мөрийтэй тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээд ч цөөнгүй бий. Бооцоот тоглоомын сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдэж байгааг холбогдох байгууллагаас нь тогтоосон юм билээ.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 2024 онд 48, энэ оны эхний таван сарын байдлаар 16 бүртгэгджээ. Хөзөр, шоо, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршдаг тоглоомуудыг энэ ангилалд багтаадаг. Ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор 1xbet тоглоомтой холбоотой 689 хэргийг шалгаж, Монгол Улсад хандах эрхийг нь хязгаарлажээ. Түүнчлэн 6140 домэйн хаягийг хаалгасан байна.
Ийнхүү мөрийтэй тоглоомоор дамжуулан мөнгө угаах, бусдыг залилах, татвараас зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэг олон гарах болсон тул хамтарсан Засгийн газраас энэ оны гуравдугаар сард Зөвшөөрлийн тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан юм. Улмаар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн заалт нэмсэн. Мөн Эрүүгийн хуульд тооцох ял, хариуцлагатай холбоотой зохицуулалтууд оруулжээ. Эрүүгийн хуулийн 28.18 дугаар зүйлд “Олон нийтийн газар болон мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсвэл бооцоот тоглоом зохион байгуулсан бол 2700-14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэнэ” хэмээн тусгасан байна. Өөрөөр хэлбэл, торгуулийг 2.7-14 сая төгрөг болгон нэмсэн аж. Зохион байгуулаагүй ч энэ төрлийн үйл ажиллагаанд банкны данс, утасны дугаар зэргээ ашиглуулсан бол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгоно. Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхээ хасуулах тухайд зохион байгуулагчидтай ижил ялтай аж. Бас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох зохицуулалт хийжээ.
ЮҮТҮБЭРҮҮД “ТАРХИ УГААХ” АЖЛАА ЗОГСООНО
Хүүхэд, залуусын үзэх дуртай, олон дагагч¬ тай юүтүб сувгуудаар цахим мөрийтэй тоглоомыг чөлөөтэй сурталчилдаг. “Хамтран ажиллагчаар спорт бооцооны цахим сайт ....” хэмээн бичлэг бүрийнхээ өмнө тэд 10-15 секундийн сурталчилгаа цацдаг юм. Урсаад л өнгөрөх мэт боловч тэдний сувгийг үздэг хүүхэд, залууст энэ нь маш том сэдэл өгдөг, цөөнгүй нь хэрэгжүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Харин ёс зүйтэй, ухамсартай зарим юүтүбэр ийм суртал¬ чилгаа хийхгүй гэдгээ ил тод зарладаг. Гэвч олонход нь мөнгө илүү чухал байдаг бололтой. Цахим мөрийтэй тоглоом битгий сурталчлаач гэж хүссэн зарим хүнд “Тэгвэл үзэхээ больчих” хэмээн шулуухан хариулдаг юүтүбэр ч бий. Харин одоо Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр тэд ийм замаар “мөнгө хийх” боломжгүй болж байна. Учир нь одоо бол энэ нь албан ёсоор хууль бус суртал¬ чилгаанд тооцогдоно. Тиймээс өнөөх сувгууд сүүлийн үеийн бичлэгээсээ цахим бооцооны сурталчилгаагаа авчээ. Тэдэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм.
ЭРҮҮГИЙН ХУУЛИАС
20.19 дүгээр зүйл. Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулан Эрүүгийн болон Онцгой албан татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуулийн 4.2-т “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулах” хэмээн заасныг хүчингүй болгосон байна. Татварын зарим хуульд энэ мэтээр тусгасан нь эдгээр мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай байсан юм. Тиймээс эдгээр заалтыг “цэвэрлэжээ”.
ХОРИГЛООД Л ҮР ДҮН ГАРАХ УУ
Дээрх жишээтэй ижил олон тохиолдол бараг айл бүрд байгаа гэхэд болно. Манай улс хууль бус мөрийтэй тоглоомтой олон жилийн турш тэмцэж байгаа ч арга нь нарийсаж, технологи нь хөгжөөд л үргэлжилсэн. Харин одоо бүрмөсөн хориглож, хариуцлагыг илүү чангарууллаа. Дутуу байсан зохицуулалтаа гүйцээсэн гэсэн үг. Сайн хэрэг. Үүнийгээ бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход холбогдох байгууллагууд анхаарах учиртай. Мөн хориглолоо гээд бүх зүйл өргөс авсан мэт сайжрах болов уу гэсэн эргэлзээ бий. Амь, амьдралаа мөрийнд тавин алдаж буй тэдгээр залуус ийм хуультай боллоо гээд л шууд больчихгүй. Учир нь тэд донтчихсон, энэ нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг болсон байгаа. Эхлээд хожно, тэгмэгц илүү ихийг олох шуналд автаж, мөрийгөө нэмнэ. Ингээд алдана. Тэгмэгц дахин аз тохионо гэж итгэн нэмж тавьсаар, өрөнд баригдаж, алдсаар хүнд байдалд ордог аж. Мөрийтэй тоглодог сайтуудыг нь хаачихаар тэд хүчээр зогсох л байх. Гэвч алдсан мөнгөө хялбар аргаар буцааж олоход сэтгэл зүй нь төвлөрсөөр байх болно. Тэднийг “ангуучлагчид”-д хатуу хариуцлага тооцох нь зүй. Гэхдээ нэгэнт автсан олон зуун иргэний сэтгэл зүйг яах талаар бас бодолцох хэрэгтэй байна. Мөн хуулийн эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлж, амь, амьдралаа мөрийнд тавин алдаж буй залуусаа аврахын тулд иргэн бүр хамтарч ажиллах учиртай болж байна. Таны үзэх дуртай юүтүбэр, эсвэл пэйжээр мөрийтэй тоглоомыг сурталчилж буй, эсэхэд хяналт тавь, мэдээл. Хаа хаанаа хяналтаа сайжруулж, хамтран ажиллаж байж нийгмийн сэтгэл зүйд халдсан эл “хавдар”-ыг таслан зогсооно.