Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд энэ сарын 1-нээс олон нийтийн саналыг авч буй. Мөн өчигдрөөс танхимын хэлэлцүүлгийг тодорхой салбарууд хамруулан зохион байгуулж эхлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын сүүлийн ээлжит хуралдаанаар төсвийн төсөлд олон нийтийн оролцоог хангах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн юм. Үүнийг анх удаа мэт гайхан хүлээн авах хэсэг байхад улсынхаа орлогыг хэрхэн үр дүнтэй зарцуулахад саналаа өгөх болсондоо талархах хүмүүс ч байна. Түүнчлэн Засгийн газар, УИХ өөрт ногдсон үүргээ биелүүлж барахгүй, иргэдээс асуухад хүрэв үү гэх эргэлзээ ч бий болов.
Тэгвэл төсвийн төсөлд иргэдээс санал авах санаачилгыг Г.Занданшатар ч гаргасан юм биш аж. Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд 2023 оны долоодугаар сард энэ тухай зохицуулалтыг нэмж оруулжээ. Тэгэхээр 2024 оны улсын төсвийг боловсруулахаас эхлэн иргэдээс санал асуудаг болсон байх нь.
ИРГЭДЭЭС АСУУЖ БУЙ ГУРАВ ДАХЬ ТӨСӨВ
Монгол Улсын төсвийг Засгийн газар төлөвлөж, боловсруулах үүрэгтэй. Мэдээж гол ажлыг нь Сангийн яам “базна”. Тэд жил бүрийн долоодугаар сарын 25-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчдаас хөрөнгө оруулалтын санал авдаг. Ирэх жил тухайн салбарт нь шаардлагатай ямар ажил хийх ёстой, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, төсөв хэрэгтэй тухай асууна гэсэн үг. Үүний хүрээнд УИХ-ын тойргоос сонгогдсон 78 гишүүнээс санал авсан, тус бүрд нь 15 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай шуугисныг уншигчид санаж буй биз ээ. Улмаар Сангийн яам саналуудыг нэгтгэн боловсруулж, нягталж, тооцоолсны дүнд төсвийн төслийг наймдугаар сарын 15-наас өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Ингээд эцэст нь есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих хуулийн хугацаатай юм. Тэгвэл Төсвийн тухай хуулийн дээрх хэсэгт заасны дагуу л Ерөнхий сайд төсвийн төслийг эцэслэн боловсруулахаас өмнө олон нийтийн санал авахыг үүрэгдсэн байх нь.
Тэгвэл 2023 оны долоодугаар сарын 7-нд буюу хаврын чуулганыг хаасан өдөр парламентаар УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг олон чухал хууль баталсан байдаг. Үүний дунд Төсвийн тухай хуульд оруулсан дээрх өөрчлөлт багтсаныг олон нийт төдийлөн мэдсэнгүй. Ямартай ч нэгэнт хуульчилсан учраас 2024 оны улсын төсөвт d-parlia¬ment, 2025 онд www.publicinvestment.gov.mn цахим хуудас болон гар утасны “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликэйшнээр дамжуулан иргэдийн саналыг авсан юм билээ. Гэвч иргэдийн оролцоо хангалттай байгаагүй л болов уу.
2026 оны төсвийн төсөлд иргэдээс санал авах мэдээллийг Г.Занданшатарын Засгийн газар өргөн хүрээнд тарааснаараа л шинэлэг сонсогдсон байх нь. Ийнхүү иргэдээсээ асууж буй гурав дахь жилийн төсөвт “И-Монголиа” аппликэйшн болон 11-11 төв, яамдын цахим хуудсаар дамжуулан саналаа өгч болно. Мөн өчигдөр эхний танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулж, уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, зам, тээвэр, эрчим хүч, цахим хөгжил, харилцаа холбооны салбарын төсвийн асуудлаар санал сонссон байна. Өнөөдөр Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын яаманд дараагийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ сарын 14-нийг дуустал яамдад нийт 12 удаа ийм хэлэлцүүлэг өрнүүлэх юм билээ.
ПОПРОЛ УУ, БОДИТ АЖИЛ УУ
Ерөнхий сайд Г.Занданшатарын баг сурталчилгаа, пиарын ажилдаа тун сайн. УИХ-ын дарга байхдаа тэрбээр рийлс буюу богино бичлэгээр нийгмийн сүлжээнд ажлаа сонирхолтой, товч байдлаар танилцуулахад мэргэшсэн юм. Мөн парламентын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр тодорхой ажил хийсэнтэй нь маргахгүй. Түүний үед парламентын цахим хуудсанд D-parliament хэмээх цэс ажиллуулж, нийгэмд тулгамдаад буй асуудлаар иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. УИХ-ын тухай хуульд ч цахимаар иргэдээс ирүүлсэн саналыг тодорхой үе шаттайгаар хэлэлцэхээр тусгасан. Улмаар D-Өргөдөл буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системд байршуулсан саналд 100 мянган иргэн нэгдэж, гарын үсгээ зурвал УИХ-аар асуудлыг хэлэлцэх боломж бүрдэнэ гэж байв. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын хувийг хоёроос тав болгохоор 100 мянган иргэн гарын үсгээ зурсан. Гэвч иргэдийн гарын үсэг цуглуулсан асуудлыг УИХ-аар шийдсэнгүй. 100 мянгын босго давсан асуудлуудыг парламентаар шийднэ гэдэг нь нэг төрлийн пиар болоод өнгөрсөн. 2024 оны төсвийн төсөлд дээрх системээр дамжуулан 2023 оны аравдугаар сард иргэдийн саналыг авсан юм билээ. Тухайн үеийн Ерөнхий сайд нь биш, УИХ-ын дарга Г.Занданшатар үүнийг уриалж байв. Тодорхой тооны иргэн саналаа өгсөн л байх. Тэдгээр саналаас нь төсөвт үнэхээр тусгасан уу. Эсвэл ээлжит пиар нь байв уу. Энэ мэтээр түүний олонтойгоо ойрхон, нээлттэй байгаа мэт “санаачилга” нь бодит байдлаас зөрөх гээд байдаг гэмтэй. Тэгэхээр хэдийгээр Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж, улсын төсөвт иргэдээс санал авах ажлыг өргөн хүрээнд түгээсэн нь сайн ч өгсөн саналаас бодитоор тусгах уу гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байна.
Мөн 2025 оны улсын төсөвт иргэдээс санал авсан ч тусгасан, эсэх нь тодорхойгүй өнгөрсөн. Иргэд, мэргэжлийн байгууллагууд, судлаачид төсвийн мөнгийг үр ашигтай, зайлшгүй шаардлагатай зүйлсэд зарцуулах санал л өгсөн болов уу. Гэвч тоогоогүй. Л.Оюун-Эрдэнийн танхимаас өргөн барьсан сүүлчийн төсөв нь түүхэнд байхгүй өндөр зарлагатай байсан билээ. Судалгаа, тооцоогүй олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан, 260 тэрбум төгрөгөөр төрийн байгууллагуудад тавилга, эд хогшил авахаас эхлээд хэтэрхий үрэлгэн байсан. Ийм төсвийн төслийг нь Ерөнхий сайдынхаа “халаасанд” багтсан УИХ-ын гишүүд шууд баталж, улмаар Төрийн тэргүүн хориг тавьсан юм. Ингэж манай улс төсвөө хоёр удаа эхнээс нь хэлэлцсэн нь анхны тохиолдол болж, арайхийн баталсан билээ.
Тэгвэл яагаад улсын төсвийг боловсруулахдаа иргэдээс “тусламж” хүсэх болов гэсэн асуулт бий. Олон жилийн турш алдагдалтай төсөв баталж, улмаар жилдээ нэг удаа тодотгож, зассаар Засгийн газар, парламентын гишүүд өөрсдөдөө итгэхээ больчихов уу. Чадвар нь хүрэлцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ асуугаад байна уу. Хэдийгээр улсын төсвийг боловсруулах нь Засгийн газрын, хянаж батлах нь УИХ-ын үүрэг хэдий ч үүнийгээ сайн биелүүлж чадахгүй зүдэрч буй нь үнэн. 2025 оны төсвийг батлах гэж хөглөсөн дээрх түүх хуучраагүй байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг нэгж манай улсад бий. Нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн, үрэлгэн, зардал ихтэй байгааг эл зөвлөлийнхөн хэлдэг ч тэдний үгийг сонсож, тооцооллоо сайжруулдаггүй. Бас л нэг бэлгэдлийн байгууллага болгочихсон. Мэргэжлийн зөвлөлийнхөө үгийг авдаггүй хүмүүс энгийн иргэдийн саналыг ажил болгоно гэдэг нь үнэнээс хол сонсогдоно. Нэг талдаа сонссон болж, нөгөө талдаа санал өгсөн дүр эсгэдгийн шалтгаан нь үнэлэх аргачлал байдаггүйтэй холбоотой тухай эдийн засагч Н.Энхбаяр ярьжээ. Олон нийтээс гаргасан санал нь эдийн засаг, нийгэм, урт хугацааны үр ашигтай, эсэхийг тогтоож байж, төсөвт тусгах, үгүйг шийддэг аж. Гэтэл ийм аргачлалаа боловсруулаагүйгээр санал авдаг нь бэлгэдлийн чанартай ажил болгодог байх нь.
“И-Монголиа”-гаар авч буй 2026 оны төсвийн төслийн асуулга нь зургаан асуулттай юм билээ. Аль салбарт төсвийг түлхүү чиглүүлж, бас хэмнэх вэ, үр ашгийг сайжруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна, хувийн хэвшлийг дэмжихийн тулд юу хийх вэ гэж асуужээ. Эцэст нь нэмэлт санал байвал бичнэ үү гэсэн байна лээ. Хэтэрхий ерөнхий асуулгатай санагдав. Үнэндээ иргэд саналаа өгч, сонголтоос нь дугуйлаад ч түүнийг боловсруулах аргачлал нь байхгүй. Тэгэхээр баахан цаг хугацаа, тодорхой төсвийг салхинд хийсгээд дуусах нь. Цаашдаа эхэлж бэлтгэлээ сайн хангачхаад иргэдээсээ асуудаг болбол л бодит үр дүн нь гарах биз ээ.
