Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, тус төслийг Хан-Уул дүүрэг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ба үүний хүрээнд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний хадгалалтын зоорь бүхий дэд бүтэц байгуулах аж. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тус төслийг анх дөрвөн сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч нийслэлийн иргэдийн нарийн ногооны хэрэгцээнд үндэслэн, олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаа, уулзалтуудын дүнд 13 сая ам.долларынх болгож баталгаажуулсан” гэжээ.
Нийслэлийн есөн дүүрэгт 89 аж ахуйн нэгж, 445 иргэн нийт 50.1 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. Үүнээс 23.5 га-д өвлийн, 26.6 га-д зуны тариалалт хийж, жилд 25-34 мянган тонн ургац хураадаг аж. Гэвч энэ нь нийслэлийнхний хэрэгцээнд хүрэлцдэггүй тул нэмэлтээр 20 га-д өвлийн ухаалаг хүлэмж байгуулах шаардлагатай гэжээ. Тус төслийг хэрэгжүүлснээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой гэнэ.
Д.Хэрлэн