Увс аймгийн Завхан сумын нутаг дахь Хяргас нуурт “Баруун эрэг” хэмээх нэртэй нэгэн жуулчны бааз саяхан үүдээ нээжээ. Байгалийн өвөрмөц тогтцыг ландшафт болгон ашиглаж, дулаан орны далайн эрэг дагуух амралтын газруудын жишгээр усан сан, сүүдрэвч, террастай сууцууд байгуулсан тус бааз яалт ч үгүй энэ зуны дотоодын аяллын өвөрмөц өнгө байв. 100 жилийн түүхэн ойгоо сүр дуулиантай тэмдэглэсэн Увс аймагт хийсэн онцлох бүтээн байгуулалтын нэг нь ч энэ болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас Улаанбаатараас Увсыг чиглэсэн аялагч, амрагчдын их нүүдлийн гол маршрутад “Баруун эрэг” багтаж байлаа. Олны танил хүмүүсээс эхлээд далайн эрэг санагалзсан, тав тух эрсэн аялагчдын хөлд шинэ бааз дарагджээ. Маркетингээ хийлгэх зорилгоор өөрсдөө ч эвент, арга хэмжээ зохион байгуулж, инфлүүнсэр гэгдэх хүмүүсийг урьсан юм билээ. Үүнийхээ ачаар олны анхааралд ч зэгсэн орж, ачаалал, захиалгаа дийлэхгүйдээ тулсан гэх. Ямар сайндаа л наадмын дараа “Долоо, наймдугаар сарын сарын урьдчилсан захиалга, хүлээлгийн өрөө дүүрсэн. Ачааллаас шалтгаалан зарим дуудлага, зурваст нэгбүрчлэн хариу өгч чадахгүй байгаадаа хүлцэл өчье” хэмээн мэдэгджээ.
Шинэ бааз жуулчны хөлд дарагдахын хэрээр амрагчидтай холбоотой элдэв сонин “үзэгдэл”, зөрчил, үл ойлголцол ч цөөнгүй гарсан гэнэ. “Нуурын эргийг хашаалж авчхаад яахаараа бидэнд үйлчилдэггүй юм”, “Бүх хүнд нээлттэй байх ёстой газрыг яагаад ингэж өмчилдөг юм бэ” гэхчлэн амралтын газрынхныг буруутгах, тэндхийн үйлчлүүлэгчидтэй барьцах тохиолдол ч нэлээд гарчээ. “Зарим үед амралтын газраар үйлч¬ лүүлээд байна уу, үгүй юү гэдгээ ч мэдэхээ байсан. Нуурын эрэг дагуу амарч яваа хүмүүс баазынхантай холилдоод утгаа алдсан. Ямар ч хувийн орон зай байгаагүй” гэх шүүмжлэл нэг бус удаа гарсан нь үүнээс үүдэлтэй аж. Нуурын эрэг дагуу амарч, зугаалж яваа хүмүүс үдэш оройн цагаар архидан согтуурч, дуулж хуурдан, хувийн эзэмшлийн газарт тусгай үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийн тав тухыг баахан алдагдуулсан юм байх. Энэ талаар нэгэн үйлчлүүлэгч “Хүүхэд, хөгшидтэй яваа, нам гүмийг эрэлхийлж буй хүмүүс өөр сонголт хийх нь тохиромжтой” гэж анхааруулсан байна билээ.
Хяргас нуурын эрэгт байгуулсан жуулчны шинэ баазын талаар дэлгэрэнгүй дурдсан нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд тээг болж буй гол асуудлуудыг хөндөх гэж байгаатай холбоотой. Эндээс хоёр зүйл маш тодорхой харагдаж буй юм. Нэгдүгээрт, манай улс дотоодын аялал жуулчлалаа бодлогоор дэмжвэл бүс нутгуудаа хөгжүүлэх, эдийн засгаа өөрийн хүчээр тэтгэх асар их боломж, орон зай байна. Монголчууд ямар “өлсгөлөн”, соргог байгааг “Баруун эрэг”-ийг зоригсод нотлон харуулав. Хоёрдугаарт, байгальд ээлтэй, соёлтой байх, бусдын орон зайг хүндэтгэх, харилцаж, үйлчлүүлж сурах зэрэг аяллын, экологийн боловсролын суурь чадваруудыг монголчуудад “нутагшуулахад” анхаарах цаг болжээ. Тэгэхгүй бол бид харанхуй, бүдүүлэг байдлаараа аялал жуулчлалын хөгжлийг хойш чангаасаар өөрт буй нөөц боломж, давуу талаа үгүй хийж мэдэх нь.
ХООСОН АМБИЦ
Манай улс аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгоно хэмээн яриад олон жил болж байна. Үүний хүрээнд дотоодын аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр Засгийн газраас баталсан хөтөлбөр, төлөвлөгөө, орон нутгаас дэвшүүлсэн санаачилга, хэрэгжүүлсэн төсөл гэвэл тоймгүй олон. Гэвч Монголд өнөөдөр дотоодын аялал жуулчлал хөгжих нь битгий хэл, хөл дээрээ ч бүрэн “тэнцэж” чадаагүй. Ёстой л урсгалаараа, бор зүрхээрээ явсаар өнөөдрийг хүрлээ. Аялал жуулчлалд зарцуулах төсвийн хэмжээ өдгөө 2010 оны үеийнхээс тав дахин, салбарын орлого сүүлийн хоёр жил дараалан түүхэндээ анх удаа тэрбум ам.доллароос давсан гэх боловч 10, 20 жилийн өмнө яригдаж байсан хог хаягдал, нүхэн жорлон, зам, дэд бүтцийн хүртээмж зэрэг тулгамдсан асуудлууд өнөө ч толгойн өвчин хэвээрээ. Бид ч үүнтэй холбоотой тулга тойрсон хэрүүлээ хийсэн янзаараа. “Монгол бол байгалийн аялал жуулчлалын орон. Сайнтай, муутайгаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой” гэхчлэн муу муухай, уруу доройгоо хаацайлж, доороо хий эргэсээр өдий хүрэв.
Манай улсын аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Архангай, Өвөрхангай, БаянӨлгий, Ховд, Увс, Завхан, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймгийн төв, сум суурин газар, тусгай хамгаалалттай бүс дэх зам, дэд бүтэц, үйлчилгээний байр байдлыг тогтож анзаарвал өөрчлөгдөж, сайжирсан зүйл ховор. Аймгийн удирдлагууд хүлээж авсан жуулчныхаа тоог ам уралдан мэдээлж, өрсөлдөх болсон ч нутаг орноо хөгжүүлэх чиглэлд тэр хэмжээгээр хөрөнгө мөнгө зарцуулахгүй, аялагчдыг татах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход дорвитой анхаарахгүй байна.
2024 онд 126 мянган жуулчин хүлээн авч, 2.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэх Хөвсгөл аймаг “далай ээж”-ийн эрэг дагуух аялал жуулчлалын бүсдээ 30 хүрэхгүй км зам ашиглалтад оруулах гэсээр тав орчим жилийн нүүр үзлээ. Говийн аялал жуулчлалын төв бүс болох зорилт тавьсан Өмнөговь, Дундговь аймгийнхан Даланзадгадааас Мандалговь хүртэлх хэмхэрхий замдаа их засвар хийж хүчрэлгүй, гадаад, дотоодын иргэдийг айдаст автуулаад багагүй хугацааг үдлээ.
Засгийн газраас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хамгийн их төсөв, татаас авсан, хамгийн олон бүтээн байгуулалт хийсэн гэгдэх Хэнтий аймагт байгалиас өөр үзэж, сонирхох зүйл үнэндээ алга хэмээн дотоодын жуулчид сэтгэл гонсгор буцаж байна. Аялал жуулчлалын гол бүс болон олон улс, улсын чанартай авто зам дагуух 100-250 км тутамд жуулчид, зорчигчдод зориулсан түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах талаар 2022 оноос хойш шат шатандаа ярьж буй ч төвийн бүсдээ ч үүнийгээ бүрэн ажил хэрэг болгож чадаагүй явна. Нийслэлтэй хамгийн ойр Горхи, Тэрэлж, Элсэн тасархай зэрэг газарт очиход ч зам харгуй, ариун цэврийн байгууламж, орчны бохирдлоос эхлээд нүүр улайлгах зүйл мундахгүй. Тийм ч учраас иргэд “Аялал жуулчлалын яамтай байгаад ч хэрэг алга. Манай улсын аялал жуулчлалыг засаг захиргааны байгууллагынхны олон төрлийн дарамтад нэрвэгдсэн жуулчны хэдэн компани, бааз л нуруундаа үүрч ирсэн” хэмээн шүүмжилж байна.
АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ
Монгол Улс утаагүй үйлдвэрлэлийн салбараас ирээдүйд их зүйл хүлээж буй. Ер нь хэзээнээсээ өндөр хүлээлт тавьж, босго тогтоосоор ирсэн. Гэтэл үүнийхээ хэрээр энэ салбарт анхаарч, бодитой ажлууд хийж, дэмжлэг үзүүлж чаддаггүй. Аялал жуулчлалын хөгжлийг гадаадын жуулчдын тоогоор хэмждэг, дотоодын амрагч, аялагчдаа үл ойшоодог алдаагаа засаагүй цагт бид хэзээд ихийг мөрөөдөгч хэвээр байх болно. Тиймээс шинэ Засгийн газрын төсөв, төлөвлөгөө ид яригдаж буй, аялал жуулчлалыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад давхар харьяалуулж, шинэ сайдын мэдэлд шилжүүлээд удаагүй энэ үед л үүний талаар ул суурьтай ярих ёстой юм.
Нэгэн сонирхолтой баримт дурдъя. 2019 онд Монголд аялсан гадаадын жуулчид манай улсад 607 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байдаг. Харин монголчууд тухайн онд гадаадад аялахдаа 615 сая “ногоон” үржээ. Гадаадынхан Монголд зарцуулснаас даруй 10 орчим сая ам.доллароор илүү буюу ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийг бид бусад орны зах зээлд шингээсэн гэсэн үг. Үүнээс хойш ийм харьцуулсан судалгааны дүн, тооцоо гаргаагүй ч цар тахлаас хойших дэлхий нийтийн жишгээр гадаадад аялах монголчуудын тоо эрс өссөн, гадагшаа урсгах валютын хэмжээ ч тэр хэрээр нэмэгдсэн нь гарцаагүй.
Монголчууд утаа, түгжрэл эрс нэмэгддэг хүйтний улиралд гадаадын орныг зорих нь элбэг. Тэр дундаа Шинэ жилийн баярын үеэр болон хичээл сургууль амардаг арванхоёрдугаар сард дулаан орон руу явах нь эрс нэмэгддэг. Гадаад зах зээлд “шингээсэн” дээрх мөнгөний зонхилох хувийг нь ч жилийн энэ үед зарцуулсан болов уу. Гэтэл Монголоос өвөл гадаад руу аялдаг жуулчдаас хэд дахин олон хүн урин дулааны улиралд эх орноо тойрон амарч, зугаалдаг гээд бод доо. Энэ бол дотоодын аялал жуулчлалд ямар том зах зээл, боломж байгааг илтгэх баримт. Нөгөөтээгүүр, байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан урин дулааны улиралд дотооддоо аялах иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон зүй тогтол. Тиймээс бид зөвхөн гадаадын жуулчдад төвлөрсөн “доголон” бодлого хэрэгжүүлдэг гажууд жишгээс салах хэрэгтэй. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий сэн.
БАЛАРШГҮЙ УЛ МӨР
Дотоодын аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх, монголчуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох хэрэгцээ шаардлагын нөгөө талд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, харилцаа, хандлагыг өөрчлөх асуудал ч тулгамдаж байна.
Аялал жуулчлалын болон байгаль орчны асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран аялагчдын соёл, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөллийн аян, кампанит ажлыг жилийн жилд хэрэгжүүлдэг ч төр үүнд бодлогын түвшинд дорвитой анхаардаггүй. Уг нь аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгох зорилтын хүрээнд олон улсын хэмжээний санал санаачилга гарган ажиллаж буй улс өөрчлөлт, үлгэрлэлийг иргэдээсээ эхлүүлэх ёстой юм. Харамсалтай нь, манай улсад ийм бодлого үгүй тул дотоодын аялагчид нь нүд нээгээгүй, байгальтай ч харилцаж сураагүй байна.
Аялж зугаалах нэрээр эх орныхоо аль үзэсгэлэнтэй газруудыг зорьж очин бохирдуулж, хөдөө хээр архидан согтуурч, идэж ууж байгаад л ирдэг жишиг Монголд нэгэнт тогтжээ. Аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцэн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид “цэвэрлэгч” болж хувирдаг уламжлал ч бий болов. Ингээд зогсохгүй найз нөхөд, байгууллага, хамт олноороо нийлэн амралтын газар, жуулчны баазуудыг түйвээж, бусдын тав тухыг алдагдуулдаг үзэгдэл ч хавтгайрлаа. Хяргас нуурын “Баруун эрэг”-т яг л ийм явдал болжээ.
Уг нь аялна гэдэг нь байгаль, түүх, соёлын нөөц бүхий шинэ газар оронд тодорхой хугацаанд зорилготойгоор саатахыг хэлдэг юм билээ. Байгалийн сайханд алжаал ядаргаагаа тайлах уу, түүхэн дурсгалт газруудаар зочилж танин мэдэхүйдээ хөрөнгө оруулах уу, эсвэл амралтын газарт, тухтай орчинд тархиа амраах уу гээд юуг урьтал болгоно, түүндээ тохирсон аяллын маршрут, төлөвлөгөөгөө зурдаг жишиг бий. Харин монголчуудын дийлэнх нь уул усаар баримжаалан төлөвлөгөөгүй гарч давхиад, байгальд баларшгүй ул мөр үлдээчхээд ирдэг. Одоо бид үүнийгээ өөрчлөх цаг болжээ.
Н.Мишээл