УИХ-ын хаврын чуулганаар 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталсан гэж буй. Гэвч эдгээрийн ихэнх нь нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “засвар”-ын ажил байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар “Хаврын чуулганаар Амьтны тухай хэмээх бие даасан ганцхан хууль баталсан” хэмээн шүүмжилсэн юм. Тэгвэл гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан уг хуулийг өнгөрсөн зургаадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Амьтны тухай хуулийн дагуу нэг чоно агнахын тулд 248 600 төгрөгийн хураамж төлж, урьдчилан зөвшөөрөл авах ёстой аж. Энэ нь тав хоногт л хүчинтэй бөгөөд хугацаандаа амжиж агнаж чадахгүй бол дахин төлбөр төлж, зөвшөөрөл авах болдог байна. Гэхдээ эл заалт мал сүрэг рүү нь чоно дайрсан нөхцөлд амь нас, эд хөрөнгөө хамгаалж агнасан малчдад ч адилхан үйлчилж, хариуцлага тооцдог байжээ. Хоттой хонь руу нь чоно дайрч байхад түүнийг агнах зөвшөөрөл хүлээгээд суух боломжгүй. Тиймээс хуулийн 25.7-д “Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй” хэмээн өөрчилж, амьдралд ойр болгосон юм байна. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд төлбөр төлөх, зөвшөөрөл авах хариуцлагаас чөлөөлжээ.
С.Уул