Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй холбогдох албаныхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Манай улс Азийн хөгжлийн банк (АХБ)-ныхантай сүүлийн 30 гаруй жил хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал, нийгмийн хамгааллын салбарт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”, “Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь” зэрэг төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулсан байна.
Тэгвэл ирэх жилүүдэд тус банкныхантай хөдөлмөрийн зах зээлийг тэлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлээр залуучуудыг богино хугацаанд сургаж, дадлагажуулах, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, бага орлоготой иргэдэд зориулсан гарааны бизнесийг дэмжих, энэ чиглэлийн сургалтыг өргөжүүлэх, орон нутгийнхныг ажлын байраар хангах, нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог дээшлүүлэхэд голлон анхаарч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
О.Оргилох