Унгар Улсын “Гедеон рихтер” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу А45009А цувралын мидокалм 100мг+2.5мг/мл тарилгын уусмалыг зах зээлээс эргүүлэн татах болсныг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тиймээс иргэд, эрүүл мэндийн, судалгаа, шинжилгээний байгууллагууд, эм ханган нийлүүлэгчид болон эмийн сангуудыг энэхүү бүтээгдэхүүнийг худалдаалах, хэрэглэхээ нэн даруй зогсоохыг анхааруулав. Үйлдвэрлэгч байгууллагынхан эмийн аюулгүй байдалд мониторинг хийх явцад уг тарилгын уусмалын толперизоны гидрохлоридын үндсэн үйлчлэгч бодист үл мэдэгдэх хольц илэрсэн болохыг олж мэдсэнээр дээрх шийдвэрийг гаргажээ.
Мидокалм тарилгын уусмалыг энэ сарын 21 гэхэд дэлхийн зах зээлээс татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Манай улсад уг бүтээгдэхүүнийг “Анар арвижих”, “Азифарм”, “Дакалфарм”, “Моносфарм трейд”, “Монгол эм импекс концерн” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн гэрээт эмийн сангуудаар худалдан борлуулдаг юм байна. Иймд эдгээр байгууллагынхныг татан авалтын ажиллагаанд яаралтай хамрагдахыг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газраас зөвлөлөө.
О.Оргилох