Б.ОЮУНЧИМЭГ Гавьяат багш, доктор (Ph.D), профессор
Боловсролын тухай монголчуудын ойлголт өрөөсгөл, боловсролд хандах хандлага буруу байна. Өнөөгийнхөн боловсролыг зөвхөн оюунд хамаатай зүйл гэж үзэж, оюуны мэдлэг төдийгөөр үнэлж, хүний боловсролыг төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, авсан үнэмлэх, дипломынх нь тоогоор хэмжиж, их, дээд сургууль төгсөөгүй, элдэв диплом аваагүй бол боловсролгүйд тооцож, шинжлэх ухааны мэдлэгийг чухалчилдаг болжээ. Ярьж ч чадахгүй балчир наснаасаа эхлэн чамгүй олон шинжлэх ухаан судалдаг ч олигтой эзэмшээгүй хэрнээ магистр, доктор нэр зүүхээр зүтгэж, ийм маягийн “боловсрол” гээчийг хувь хүний төдийгүй улс орны хөгжил дэвшлийн тэргүүлэх үзүүлэлт болгосноор хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, соёлгүй хүн олширч, хөлөө жийлцэн эдийн засгаа доройтуулж, төрөө хямрааж, иргэд элдвээр зүдэрч, олонх нь тарчигдуухан амьдарч, хүнээ алдсаар. Энэ бүхэн боловсролын тухай ойлголтоо өөрчлөх шаардлагатайг тодорхой харуулж буй.
Өнөөгийнхний нэг хэсэг нь “Боловсролгүй бол явахгүй” хэмээн мал маллах малчингүй, тариа тарих тариаланчгүй, үйлдвэрт ажиллах ажилчингүй болтлоо хүүхдээ хүчээр их, дээд сургууль бараадуулан зүтгүүлж, харин нөгөө зарим нь эл хэрэгцээ сонирхолд нь дулдуйдан их, дээд сургуулиуд байгуулж, “дээд боловсролтонгуудыг” үйлдвэрлэсээр ирсэн нь боловсролыг чухалчилж, эрхэмлэж байгаа мэт боловч үнэндээ ямар хүнийг боловсролтойд тооцох тухай ойлголт буруу байгаагийг илрэл болж байна.
Дотоод, гадаадад янз бүрийн сургуульд сурсан, төгссөнийг гэрчлэх диплом авсан хүмүүсээ өндөр боловсролтой гэж тооцож, ийм байж хариуцлагагүй, эх оронч биш, хүн чанаргүйгээр нь цоллож байгаа. Манайханд өндөр боловсролтой гэж тооцогдож буй хүмүүс ийм байхаас аргагүй. Үүний учир шалтгаан сургуулиуд зөвхөн шинжлэх ухааны мэдлэг олгоход анхаарч зөвийг сурах, зөв хүмүүжих, ёс суртахуунтай байхын ач тусыг ойлгуулаагүй, сэтгэлийн боловсролыг эс хэрэгсдэгт оршино. Орлого олох гэж мөнгө авч сургасан, диплом авах гэж мөнгө өгч сурсан болдог, шаардлага хангаагүй хүнд мэргэжлийн диплом олгодог, буруу хазгай бичсэн ач холбогдол багатай диссертаци барьж магистр, докторын зэрэг горилдог, суралцаагүй байж диплом худалдаж авдаг, хуурамч диплом үйлддэг явдал боловсролын талаар нийтдээ буруу ойлголттой байгаагийн үр дагавар.
Боловсрол нэг л болохгүй байна, боловсролыг өөрчилье, шинэчилье гэцгээдэг ч дорвитой хийсэн зүйл үгүй. Угтаа юуг боловсрол гэж үзэх тухай ойлголтоо өөрчлөх, үүний тулд боловсрох үйл явцын бүтэц, бүрдлүүд, үр дүнг зөв зүйтэй, бүрэн бүтэн тодорхойлох шаардлагатай байна.
Монгол хэл зүйч эрдэмтэн Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”-д “боловсрол” хэмээх үгийг боловсрох үйлийн нэр гэж тун оновчтой тайлбарласан байдаг. Боловсрол гэдгийг боловсрох үйл явц, боловсорсны үр дүн гэж ойлгож хэвшүүштэй. Боловсрох нь улс орны төдийгүй хүн төрөлхтний ирээдүйд хүний цохилох зүрхтэй зүйрлэхээр амин чухал үүрэгтэй, хэд хэдэн үйлээс бүрдэх, олон талт үйл явц, үр дүн. Хүний боловсрох үйл тасралтгүй үргэлжлэх зүй тогтолтой.
Хүн байнга боловсорч байх учиртай. “Урсаж л байхгүй бол ус өмхийрнө, боловсорч л байхгүй бол хүн мөхнө. Хүн өөрөө өөрийгөө байнга билүүдэж байх ёстой” гэдэг. Энэ нь хүн байнга боловсорч байх шаардлагатайг хэлж буй хэрэг. Хүн боловсрохоо зогсоох ёсгүй, ямар ч насанд боловсорч байх шаардлагатай. “Боловсрол зөвхөн хүүхэд залуучуудад хэрэгтэй зүйл, хүн бага залуу насандаа л боловсрох ёстой, нас ахисан хүнд ямар хэрэг байх юм бэ” гэж үзэх нь буруу.
Боловсрол зөвхөн оюунд хамаатай зүйл гэсэн ойлголттой тул бүх шатны сургууль сурагцагчдад оюуны мэдлэг олгох, тодруулбал тодорхой шинжлэх ухаануудын судалдаг зүйлсийн тухай мэдлэг эзэмшүүлэх төдийгөөр боловсруулах үйл ажиллагааг хязгаарласаар ирсэн. Бодит ертөнцийн тухай шинжлэх ухааны мэдлэг, чадвар нь зөвхөн оюуных.
Боловсрохыг янз бүрийн шатны сургуульд суралцах, мэргэжил эзэмших, элдэв диссертаци хамгаалах явдал гэж ойлгосоор. Боловсрол, мэргэжил хоёрыг нэг зүйл гэж үзэх учиргүй. Мэргэжил явцуу, харин боловсрол өргөн хүрээтэй. Боловсрол нь дан ганц мэргэжил биш. Мэргэжлийг мэргэжил олгодог ямар нэг сургуульд тодорхой хугацаанд суралцан олж авдаг бол боловсролыг хүн насан туршид эзэмшинэ. Мэргэжлийн мэдлэг, чадвар төдийгөөр хүний боловсролыг үнэлэх нь өрөөсгөл. Мэргэжил нь тодорхой мэргэжлээр ажиллахад хэрэглэдэг мэдлэг, чадвар болохоос биш боловсрол бүхэлдээ биш. Ёс суртахуунгүй, хүмүүжилгүй, соёлгүй эмч, багш, улстөрчийг боловсролтой гэж үзэх ёсгүй.
Ямар хүнийг боловсролтой гэх тал дээр бидэнд алдаа байна. Мэргэжлийн сургууль төгсөж диплом авсан л бол боловсролтой болчихлоо гэж эндүүрсээр. Монгол хэлний их тайлбар тольд дээд мэргэжлийн сургуульд боловсрол эзэмшсэн, мэдлэгтэй хүнийг боловсрол (сайтай)-той хүн гэнэ гэж тодорхойлж. Энэ оновчтой тодорхойлолт биш. Боловсролыг их, дээд сургуульд сурсан, мэргэжилтний диплом авснаар хэмжих нь буруу хэрэг. Дипломтой ч хүн өөрөө хичээж боловсроогүй бол боловсролгүйд тооцогдоно. Их, дээд сургууль төгссөн битгий хэл, эрдмийн зэрэг хамгаалсан хэрнээ боловсроогүй хүмүүс олширсоор. Боловсролтой, эсэхийг диплом үнэн, бодитой гэрчилж чадахгүй. Аль ч дипломоос хүний ёс суртахуун, зөв хөгжил, хүмүүжил, соёлын үнэлгээг олж харахгүй. Үүнийг өөрчилж байж “боловсорч яваа” хүмүүстэй болно, бид.
Боловсролтой хүн ямар мэдлэг, чадвар өөрт байхгүйг, ямар нь дутуу дулимаг буйг тогтоодог, тэр үгүй, дутууг цаг алдалгүй олж авдаг, үр өгөөжтэй ашигладаг, мэдэж буй бүхнээ ухаалгаар, зөвөөр түгээхийг хичээдэг, түгээдэг. Хөрөнгө мөнгө хураах, эд баялаг цуглуулахын төлөө бус, ухамсраа дээшлүүлэх, оюунаа зөв хөгжүүлэх, сэтгэлээ сайн сайхан чанаруудаар баяжуулах зорилготой амьдардаг, амьдралын мөн чанарыг танин мэддэг, ойлгодог, зөв, сайныг олны төлөө хийдэг, түүх, соёл, ёс заншлаа судалдаг, мэддэг, их уншдаг, алдаагүй ярьдаг, бичдэг, байх ёстой. Боловсролыг зөвхөн сургуулиас олж авдаг, сургууль төгссөн, диплом авсан л бол боловсролтой гэж үзэж болохгүй нь эндээс харагдаж буй.
Боловсрол хэмээх ухагдахууны тодорхойлолт олон ч боловсролыг мэдлэг, чадвар эзэмших үйл явц гэж үзсээр ирсэн. Боловсрох үйл явцад сэтгэл шийдвэрлэх үүрэгтэй, чухал оролцоотойг ойлгож ухаарах хэрэгтэй байна. Боловсрох үйл явц сэтгэлийн оролцоогүйгээр явагдахгүй, энд сэтгэл ямар нэг байдлаар заавал оролцдог. Монголчуудын боловсрол чанаргүй байгаагийн гол шалтгаан хүн боловсрох үйлд гүйцэтгэх сэтгэлийн үүрэг, оролцоог огт хэрэгсэхгүй явж ирсэн явдал.
Сэтгэл нь боловсрох үйлийн хөгжил, хөдөлгөөний буюу аргын тал. Зөв сэтгэл, сэтгэлийн эерэг хөдөлгөөн боловсрох үйл явцад сайнаар нөлөөлнө. Мэдлэг, чадвар, сэтгэл гурвыг далай, завь, салхитай зүйрлэж болох юм. “Мэдлэг” хэмээгч их далайд “чадвар” нэрт завиар аялж, зорьсон газраа цаг алдалгүй, сайн явж хүрэх, эсэх нь “сэтгэл” гэгч салхи хэр зөв үлээхээс хамаарна.
Боловсрохыг мэдлэг эзэмших, эзэмшсэн мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаа, харилцаандаа хэрэглэх, хэргийг нь гаргах явдал гэж үзвэл энэ бүхнийг хөдөлгөгч хүч нь мэдлэг биш, харин түүнтэй хамт гарах сэтгэл. Сэтгэл хэмээгч хөдөлгөгч хүчгүйгээр мэдээллийг мэдлэг, мэдлэгийг чадвар, чадварыг дадал зуршил болгож эс чадна. Хөдөлгөгч хүч болох сэтгэл зөв, буруу, сайн, муу байх нь боловсролын чанар, үр дүнд нөлөөлнө
Боловсрол нь хүн насан туршдаа эзэмших олон талтай, цогц үйл явц, үр дүн. Хүний боловсрох нь цогц үйл, өөрөөр хэлбэл хэд хэдэн үйлийн нэгдэл. Хүний эзэмших боловсролд өөрийгөө танин мэдэх боловсрол, бие бялдрын боловсрол, оюуны боловсрол, сэтгэл хийгээд ухамсрын боловсрол, ёс суртахууны боловсрол, эх хэлний боловсрол, сэтгэлгээний боловсрол, харилцааны боловсрол, эрүүл мэндийн боловсрол, хууль, эрхийн боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон бусад боловсрол орно. Эдгээрээс эн тэргүүнд тавих учиртай, нэн чухал ач холбогдолтой боловсрол нь сэтгэлийн боловсрол атал түүнийг үл тоож, эс хэрэгсэн орхисоор ирсэн.
Сэтгэл нь гадаад, дотоод ертөнц, түүнчлэн өөрийн мөн чанарыг танин мэдэх, ойлгох, ухаарах боломжийг хүнд олгодог, хүнийг бүхэлд нь илэрхийлдэг тул хүнд байгаа зүйлсийн хамгийн чухал нь. Иймд хүн сэтгэлдээ илүү анхаарч, түлхүү боловсруулах учиртай.
Сэтгэлийн боловсрол нь сэтгэл, түүний мөн чанарын тухай мэдлэгтэй болох, сэтгэлийн зөв бүхэнд суралцах, сэтгэлээ зөв хөгжүүлэх, хү¬ мүүжих, сэтгэлийн соёл эзэмших, сэтгэлээрээ зөв хүн болж төлөвших үйл явц, үр дүн юм. Эл боловсролыг хүн насан туршдаа, бүр наснаас насанд эзэмшинэ гэж үзүүштэй. Сэтгэлийн боловсрол хүний эзэмших ёстой боловсролуудаас хамгийн эрхэм нь. Сэтгэлийн боловсрол эзэмшихэд сэтгэл гол үүрэг гүйцэтгэнэ. Боловсруулах зүйл буюу боловсрогдохуун нь сэтгэл бол дасгалжуулагч нь ч мөн сэтгэл. Сэтгэл өөрөө өөрийгөө боловсруулна. Үүнийг сайтар ойлгууштай.
Суралцах ёстой сэтгэлийн зөвд бусдыг ойлгох, эергээр үнэлэх, хүндлэх, хайрлах, халамжлах, туслах, өрөвдөх, уучлах, аливаад сэтгэлээсээ хандах, сэтгэлийн сахилга бат сахих зэрэг орно. Ёс суртахууныг эрхэмлэн шаардлагуудыг нь чанд биелүүлэх, ёс суртахууны сахилга бат сахих замаар хүн зөв хүмүүжинэ. Зөв хүмүү¬ жихэд баримтлах зүйл бол ёс суртахууны шаардлагууд болох ёс суртахууны зарчим, хэм хэмжээ. Ёс суртахууны шаардлагууд нь зөв хүмүүжлийн стандарт юм.
Сэтгэлийн сайн сайхан бүхнийг өөрийн болгож, хэвшүүлж дадуулахыг сэтгэлийн соёл эзэмших гэж ойлгоно. Сэтгэлээ боловсруулж номхруулахгүй, харин ч улам дошигруулж байгаагийн улмаас хүнд байх ёстой сайн сайхан чанаруудаа гээсэн, магадгүй бүр огт олж авч байгаагүй хүний мөсгүй, жудаггүй, хүн гэхэд хэцүү, бүр хүн гэмээргүй “хүн” дүрстэн олширсоор.
Хүний боловсрох нь цогц үйл байх ёстой атал зөвхөн хөгжлийг л ярьсаар ирсэн. Хүнийг хүн шиг хүн, нийгмийг нийгэм шиг нийгэм болгох зүйл бол манайхны чухалчилдаг хөгжил биш, тэр тусмаа материаллаг хөгжил бүр ч биш, харин ёс суртахууныг эрхэмлэн, сэтгэл, ухамсрыг чухалчлан сэтгэлийг боловсруулах үйл явц гэдгийг ухаарах цаг хэдийнэ ирсэн.
Сэтгэлийн боловсролын ач холбогдол их. Сэтгэлийн боловсрол эзэмшиж байж л хүн сэтгэлээ зөв зүйтэй болгоно. Энэ талаар их багш Лувсандагва (Богд Зонхов) “Сэтгэл зөвдөхөд зам зөвдөнө. Сэвтээх садаа өөрөө ховхорно…” гэж өгүүлсэн байдаг. Сэтгэлийн боловсрол эзэмшсэнээр хүнд байх ёстой бүхий л сайн сайхан чанарын тухай мэдлэгтэй болж, өөртөө хүний шилдэг чанаруудыг бий болгож, байгааг нь алдахаас сэргийлж, хамгаалан хадгалж, өөрийн болон бусдын сайн сайхны төлөө ашиглах чадвар эзэмшиж, чадвараа хэвшүүлж, зөв дадал зуршил болгоно.
Сэтгэлийн боловсролын илэрхийлэл нь хү¬ мүүжил, хэмжүүр нь ёс суртахуун. Сэтгэлийн боловсролтой хүн л хүмүүжилтэй байдаг. Ёс суртахууны зарчим, хэм хэмжээг сахин мөрддөг хүнийг хүмүүжилтэй хүн гэнэ. Сэтгэлийн боловсролыг орхигдуулснаар материаллаг ахуй, хэрэглээг шүтэж, эд зүйлс, хөрөнгө мөнгөний хойноос хөөцөлдсөн, шуналтай, үүргээ мэддэггүй, биелүүлдэггүй, хариуцлагагүй, амиа бодож, хувиа хичээсэн, үнэнч биш, зохиомол дүр үзүүлсэн, хуурамч, худалч, ёс суртахуунгүй, хүмүүжилгүй, соёлгүй хүн олширсон. Энэ эмгэнэлт гэж хэлж болохоор байдал нь сэтгэл, түүний үнэт зүйлсийг эс мэдэж, үл ойшоосны үр дагавар юм.
Сэтгэлийн боловсрол сэтгэлийн үйлүүдээр илэрнэ. Хүний сэтгэлийн боловсролыг түүний зан чанар, зоригийн чанарууд, сэтгэлийн сахилга бат сахих чадвар, зан суртахуунаар нь хэмжинэ. Өөрийн сэтгэлийг судлан шинжих, сайн, мууг нь онож тогтоох, сэтгэлийнхээ мууг хүлээн зөвшөөрөх, засах шийдвэр гаргах, сэтгэлээ сайжруулах нь сэтгэлийн боловсрол эзэмшиж буй хүний хийх үйлүүд. Амиа хичээх, эд хөрөнгөнд шунах, атаархах, бардамнах, хүмүүсийг алагчлах, хов хөөцөлдөх, бусдыг үл тоомсорлох, өөрийгөө ихэд үзэх нь сэтгэлийн боловсрол доройн шинж гэдгийг ухаарч ойлгох нь чухал.
Манай сургуулиуд Өрнөөс эхтэй мэдлэгт суурилсан боловсролыг эрхэмлэж, шинжлэх ухааны мэдлэгийг түлхүү номлож, сэтгэлд суурилсан ухамсар, хүмүүжил, ёс суртахууныг эс тоосоор байгаа буруу хандлагыг даруй орхих, сэтгэлийн боловсролыг оюуны боловсролтой нягт уялдуулах, сэтгэлийн боловсрол олгох явдлыг бүх шатны сургалтын байгууллага, багш нар зорилгоо болгууштай. Үүний тулд багш өөрөө сэтгэлийн боловсрол, ёс суртахууны тухай шинжлэх ухаанч мэдлэгтэй, боловсролтой болох учиртай. Ингэж гэмээжин хүмүүжилтэй, ёс суртахуунтай иргэдийг төрүүлж, зөв төлөвшсөн мэргэжилтнүүдийг бэлтгэж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлнэ. Боловсрол хүн төрөлхтний амьдрах хэрэгсэл, эрэлт, хэрэгцээ болох ёстой. Ингэж чадаагүй үед боловсрол олох, олгоход бэрх. Боловсрол хүнийг тодорхойлох гол зүйл тул амьдралыг нь ч тодорхойлно.
Өнөөгийн хүмүүс махан бие, материаллаг эд баялагт ихээхэн ач холбогдол өгч, гадаад өнгөнд татагдаж, дотоод сэтгэлдээ бага анхаарч байна. Биеэ эвгүйцмэгц эм тан ууж, эмч домчид үзүүлж, эмнэлэгт хэвтдэг, бие бялдрынхаа өө сэвд санаа тавьж, засаж додомддог хэрнээ сэтгэлээ өвдөн шаналж, бохирдон хиртэж байгааг эс анзаардаг. Уур уцаар, атаа жөтөө, шунал, шударга бус, үнэнч биш байдал зэрэг нь бидний сэтгэлийн өвчин юм. Сэтгэлээ засаж сайжруулдаггүй, боловсруулдаггүйн улмаас эдгээр хорт өвчнөөр хүндээр өвчилдөг. Сэтгэлийн хорт өвчнийг эдгээхийн тулд сэтгэлийнхээ мөн чанарыг танин мэдэж, ухааран ойлгож, боловсруулан номхотгохыг хичээх хэрэгтэй байна, монголчууд.
“Хүмүүс анар жимс шиг дөрвөн янз, гаднаа болсон харагдавч дотроо түүхий; дотроо болсон ч гаднаа түүхий; гаднаа хийгээд дотроо түүхий; гаднаа хийгээд дотроо боловсорсон байх. Чи сүүлчийнх нь бологтун”. “Ном сургаал судлавч сэтгэл зүрхэндээ гэрэл асаахгүй бол гартаа дэнлүү барьсан сохор хүнээс ялгаа юу байх вэ” гэсэн их сэтгэгч Нагаржунайгийн мэргэн үгс бий.