Өнгөрсөн долоодугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 26, олон жилийн дунджаас 7.9 хувиар бага байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдолж буй 27 дахь бага тунадастай сар болж өнгөрснийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, долоодугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 0.6 хэмээр хүйтэн, олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байжээ. 1940 оноос хойш тохиосон найм дахь дулаан сар нь энэ гэнэ. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 69 хувьд нь дунджаас 1-3 хэмээр дулаан, 30.2 хувьд дунджийн орчим, 0.8 хувьд дунджаас хүйтэн байсан аж. Тухайн сард хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумд долоодугаар сарын 9-нд 66.6 мм тунадас орсон бол даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 942.5гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 766.6гПа хүрсэн байна. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумд салхи секундэд 33 метр хүрсэн нь хурд хамгийн ихтэйд тооцогдсон талаар цаг уурын байгууллагынхан онцоллоо. Ташрамд, гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 330 сумын 25 нь маш их, 54 нь их эрсдэлтэй байгааг онцгой байдлын байгууллагаас өчигдөр мэдээлсэн. Үүнд Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймагт эрсдэл их байгаа аж. Иймд эртнээс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг шуурхай штабын бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгчээ.
Ч.Туяа