ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улстай хэрэгжүүлж буй 18 сарын хугацаатай стэнд-бай хөтөлбөрийн хүрээнд тус улсын эдийн засгийн байдалд үнэлэлт өгөх 3 дахь удаагийн улирлын үнэлгээг баталгаажуулан 24.1 сая ам. долларын санхүүжилтийг нэмж олголоо.
2009 оны 12 сар - Захирлуудын зөвлөлөөс хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр сайн үр дүнд хүрч, Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын дүнд 2010 оны эдийн засгийн өсөлтийн төлөв нааштай гарч байгааг онцлон тэмдэглэсэн. Гэхдээ ОУВС-гийн үзэж байгаагаар төсвийг тэнцвэржүүлэх бодлогыг үргэлжлүүлэн төсвийн сахилга батыг тууштай мөрдөж, валютын ханшийн уян хатан бодлого баримтлан, мөнгөний бодлогыг инфляцийг доогуур түвшинд барихад чиглүүлж, эрх бүхий байгууллагууд банкны салбарт үүссэн асуудлыг шийдвэрлэхдээ урьтаж арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна. Энэ удаагийн сарын тоймын Шигтгээ 1-т эдийн засгийн төлөв байдлыг, түүний дотор төсвийн санхүүжилтийн эрсдэлийг ойрын болон дунд хугацаанд авч үзэн, уул уурхайн салбараас их хэмжээний орлого төсөвт төвлөрөхтэй холбогдон гарч болзошгүй бүтцийн шилжилтүүд, тэдгээр орлогыг оновчтой зарцуулахад шаардлагатай төсвийн бодлогын зохистой хүрээг судалж үзлээ.
Энэ жил Монгол Улсад маш хүнд өвөл болж, орон нутгийн тэн хагас нь зудын (олон тооны малын хорогдолд хүргэдэг маш хүнд өвөл) байдалтай байна. Хорогдсон малын тоо хэдийнээ их хэмжээтэй болсон бөгөөд энэ байдал нь эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргаанд ихээхэн нөлөөлөхөөр байна. Хэрвээ цаг агаарын байдал өөрчлөгдөхгүй, малын хорогдол энэ хандлагаараа үргэлжилбэл гамшигтай тэмцэх тогтолцоо, малын тэжээл, өвсний хангамж, хандивлагчдын хөрөнгө мөнгөний өнөөгийн хэмжээнд томоохон хүндрэл учруулахаар байна.
Цас зудны байдал 2010 оны эхний хагаст хөдөө аж ахуйн ДНБ-д сөрөг нөлөөлөл үзүүлэх хэдий ч урьдчилсан тооцоогоор ДНБ-ий өсөлт 2009 оны 4-р улиралд сэргэсэн үзүүлэлттэй байна. 2009 оны эхний гурван улиралд ДНБ уналттай, түүний дотор 3-р улиралд 4 хувиар буурч гарч байсан бол сүүлийн улиралд 3.9 хувиар өсчээ. Ингэснээр ДНБ-ий уналт 2009 онд 1.6 хувь болж байна. 4-р улиралд тээвэр, харилцаа холбооны салбаруудад огцом сэргэлт гарсан бол барилга, бөөний болон жижиглэнгийн худалдааны уналт үргэлжилсээр байв.
Дэлхийн Банкнаас мэдээлж байна