Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллага Авлигын төсөөллийн индексийг жил бүр нэгтгэн танилцуулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны индексийг 180 гаруй орныг хамруулан гаргасныг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагынхан өчигдөр мэдээлэв. Манай улс 33 оноогоор 114 дүгээрт жагсжээ. Энэ нь өмнөх 2023 оныхоосоо долоон байраар урагшилсан үзүүлэлт бөгөөд онооны хувьд өөрчлөгдөөгүй юм байна.
Дани улс 90 оноотойгоор долоо дахь удаагаа уг индексийг тэргүүлжээ. Финланд, Шинэ Зеланд улс 88, 84 оноо авснаар дараагийн байруудад жагссан аж. Харин Өмнөд Судан найм, Сомали ес, Венесуэл 10, Сири 12, Ливи, Эритрей, Йемен, Экваторын Гвиней улс тус бүр 13 оноотойгоор жагсаалтын сүүл мушгив. Индекст хамруулсан 180 орны дундаж оноо өмнөх жилийнхтэйгээ адил буюу 43 гарсан нь дэлхий дахинд авлига буураагүй, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байгааг илтгэснийг “Транспэрэнси интернэшнл” байгууллагынхан онцолжээ.
“Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал үүний талаар “Монгол Улс 2022 оноос хойш гурван жил дараалан 33 оноо авлаа. Оноо өөрчлөгдөөгүй ч зэрэглэл буюу байр урагшилсан. Манай улсын индексийг тооцохдоо олон улсын найман эх сурвалжийн үнэлгээ, мэдээлэлд тулгуурласан байна. Жишээ нь, “Дэлхийн эдийн засгийн форум” байгууллагаас манай улсын индексийг үнэлэхдээ компаниуд үйл ажиллагаа явуулахад албан бус нэмэлт төлбөр, хахууль өгөх тохиолдол хэр түгээмэл байдгийг судалгаанд оролцогчдоос тодруулсны үндсэн дээр 23 оноо өгчээ. “Ардчиллын олон талт байдал” (V-Dem) байгууллагын үнэлгээгээр Монгол Улс сонгуулийн ардчилал гэсэн хэсэгт зэрэглэл буурчээ” гэв.
Манай улсын оноо 33-аасаа ахихгүй байгаа шалтгааны талаар “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын хараат бус, хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр “Нийт найман эх сурвалж манай улсад үнэлгээ өгөхөд гурвынх нь оноо бага зэрэг өсжээ. Харин таван эх сурвалжийн үнэлгээ буурсан байна. Монгол Улс эрэмбийн хувьд долоон байраар урагшилсан. Гэхдээ эрэмбэ тийм ч чухал биш гэдгийг дурдах нь зүйтэй. Харин оноо хамгийн чухал. 2022 онд манай улс индексийн оноо буурсан, авлига эрчимтэй өсөж буй 10 орны тоонд орж байв. Авлигын төсөөллийн индексийн нэг эх сурвалж болдог ардчиллын үзүүлэлтээр Монгол 2023 онд саарал бүсэд орсон. Өөрөөр хэлбэл, ардчиллаас хамгийн их ухарсан орны тоонд багтаж байлаа. 2024 онд ч бид саарал бүсдээ байлаа. Авлигын төсөөллийн индекст хамгийн их нөлөө үзүүлдэг эх сурвалж бол ардчиллын үзүүлэлт. Манай улс Авлигын төсөөллийн индексээр тааруу үнэлгээ авсан нь ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахгүй байгааг илэрхийлнэ. “Транспэрэнси интернэшнл” байгууллага Монголд энэ удаа өнгөрсөн таван жилийн зөвлөмжөө нэгтгэж өгчээ. Яагаад гэвэл манай улс өнгөрсөн хугацаанд тус байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой алхам хийгээгүй. Тиймээс зөвлөмжүүдээ дахин өгсөн байна. Жишээ нь, улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгаж, хяналтыг сайжруулах шаардлагатай гэдэг зөвлөмж өгчээ. Хөнгөлөлт, тусламж, зээл, татаасыг эздэд нь хүргэх бус, хэсэг бүлэг хүн завшиж байгааг таслан зогсоох, хуулийн хэрэгжилтийг ижил тэгш болгох зөвлөмжийг ч дахин өглөө. Монгол Улсад бусад орноос онцолж үзэхүйц нэг асуудал байгаа нь нам доторх фракц болон бусад жижиг бүлэглэлийн авлига. Жишээ нь, намын фракцаас гадна төгсөгчдийн, уяачдын холбоо гэх мэт жижиг бүлгүүд авлига ихсэхэд нөлөөлж байна. Энэ чиглэлээр цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай” гэж тайлбарлалаа.
М.Оч