Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан Евро-Азийн аварга шалгаруулах олон улсын дотор талбайн олс таталтын нээлттэй тэмцээнд Монголын зэвсэгт хүчний 032 дугаар ангийн шигшээ багийнхан 10 орны багийн 580 гаруй тамирчинтай ур чадвараа сорилоо. Энэ удаа ОХУ хамгийн олон буюу 25 баг оролцуулжээ. Манайхан эрэгтэйчүүдийн 640, 680 кг-д тус бүр хүрэл медаль, цом гардсан байна. Харин үнэмлэхүй жин буюу 900 кг-д шагналт IV байрт шалгарав. Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд болдог Монголын бүх ард түмний XVI зуны спортын наадам аравдугаар сард болно. Тус наадмын тэмцээний төрөлд олс таталт багтсан юм. Олс таталтын тэмцээнд оролцох тамирчид дотор талбайн эрэгтэйчүүдийн төрөлд 620, эмэгтэйчүүдийнхэд 520, гадна талбайн эрэгтэйчүүдийн төрөлд 640, эмэгтэйчүүдийнхэд 540 кг хүртэлх жинд өрсөлдөнө.