Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын индрээс 2026 оны төсөв бол ардын нурууг амрааж, татвар хураамжийн ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах шинэ эхлэл, данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам, өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх хүний хөгжлийн мега төсөл, иргэдтэйгээ хамт бичсэн, 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв юм хэмээн мэдэгдлээ.
Төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон иргэд эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах, хавтгайрсан халамжийг хязгаарлах, татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх гэсэн гурван чиглэлд ам нэгтэй байжээ.
…2026 оны төсөв бол тоо бус чанар, мөнгө бус хүн, хэлбэр бус агуулгыг эрхэмлэсэн хүний хөгжлийн мега төслийн үндэс юм. 2026 оноос төсвийн шинэчлэлийн эхний дорвитой алхмаа хийнэ. Татварын бодлогоороо нийтийн сайн сайхны төлөөх хариуцлагыг дэмжинэ. Эдийн засагч хүний хувьд татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэлийг хийнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ. 2026 оны төсөв энэ шинэчлэлийг эхлүүлж, ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачаалалыг 3–4 их наяд төгрөгөөр хөнгөлнө гэв. Сүүлийн жилүүдэд татвар хураамж тасралтгүй өссөөр ирсэн байьал Ерөнхий сайд Г.Занданшатар бууруулна гэчихлээ. Шок-нд ормоор мэдээ байлаа.
Төсвийн төслийн тоо бүхэн үг хэлдэг. Тэрхүү “үг” нь Засгийн газрын тэргүүний хэлсэнтэй нийлж, нийцэж байвал тун сайн.
- Иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцлоо. Энэ бол Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар.
- Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгалаа.
- Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна.
- Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд өмнөхөөс 2.5 дахин их мөнгө үлдэнэ. Ард түмний халаасанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна.
- 2026 онд бүсчилсэн хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3,122 км зам, 3,159 метр гүүр шинээр барьж, засварлана.
Эндээс харахад Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хүний хөгжлийг гол цөм болгон, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжих бодлогод төвлөрчээ. Засгийн газар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох зарчмыг барьсан байна. Манай Засгийн газрын хамгийн том мега төсөл нь хүний хөгжил байх болно гэсэн үгэндээ Ерөнхий сайд хүрэхийг хичээжээ.
Засгийн газраас боож оруулж ирсэн төсвийн төсөл УИХ дээр танигдахын аргагүй болчихгүй бол “Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшил борлуулалтын орлогынхоо нэг хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ, шийтгэдэг бус зөвлөдөг, хаадаг бус сэргийлдэг, дарамталдаг бус дэмждэг хүнлэг татварын тогтолцоонд шилжинэ. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулахын төлөө ажиллана” гэсэн Ерөнхий сайдын үг бодитой хэрэгжих боломжтой гэж харагдаж байна.
Б.БАЯР