УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцсан аж. Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн талаар танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулжээ. Үүнээс гадна “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн юм байна.
Мөн бүлгийнхээ хуралдаанд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ генсек Я.Содбаатарын хамт оролцсон аж. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Ийнхүү МАН-ын даргын төлөө хоёр хүн өрсөлдөх нь тодорхой болсон тул одоо Удирдах зөвлөл, Бага хурлаа зарлах үлдэж буй. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж, Бага хурлаа товлон, асуудлаа нэг тийш болгоё гэжээ. Бүлгийн гишүүд нь ч дэмжсэн байна. Улмаар энэ долоо хоногт тус намын Удирдах зөвлөл хуралдах нь.