УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд манай улсад айлчилж байна. Түүнийг өчигдөр парламент дахь Монгол-Лаосын бүлгийн дарга, УИХын гишүүн Д.Жаргалсайхан болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Олон мянган бээрийн зайтай оршдог ч манай хо ёр орон өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой. Мөн бие биеэ дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн” хэмээгээд Лаосыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш гэдгийг тодотгов. Ноён Вонгсак Пантавонг хоёр улсын хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх талаар хөндөж, цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр илүү хөгжүүлэхэд учирч буй тээврийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ. Хоёр улс далайд гарцгүй ч агаарын замыг нээх асуудлыг шийдвэрлэснээр аялал жуучлал, худалдааны эргэлт сайжрах боломжтойг Х.Булгантуяа онцолсон.
Лаос улс энэ онд Үндсэн хуулиа өөрчилж, Засгийн газрын яамдын тоог 17-13 болгон цөөлжээ. Тус улсын Үндэсний ассамблей 164 гишүүнтэй бөгөөд 21.9 хувь нь эмэгтэй аж. Ирэх онд Лаосын парламентын сонгууль болох бөгөөд тусгаар тогтнолоо тунхагласны 50 жилийн ой нь арванхоёрдугаар сард тохиох юм байна.
С.Уул