
Их Британийн Соёлын сайд Оливер Доудэн зургаадугаар сарын сүүл хүртэл дэлхийн бусад улсуудтай тээврийн харилцаагаа сэргээж чадахгүй байх магадлалтай хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Сандэй Таймс сонин гадаадад амрахыг хүссэн британичууд наймдугаар сараас нааш хилийн дээс алхах боломжгүй гэв. Хэрэв нисэх онгоцны буудалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирвэл таван мянган фунт стерлинг (долоон мянга орчим доллар) -ээр торгуулах хуулийг Их Британийн эрх баригчид баталжээ. Энэхүү журмыг өнөөдрөөс эхлэн мөрдөх бөгөөд зургаадугаар сарын 30-нд дуусах аж. Одоогоор цөөн хэдэн тохиолдолд Их Британиас гарахыг зөвшөөрч байгаа аж. Тодруулбал, хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших, хурим, оршуулгын ёслолд оролцох, хувийн онцгой шалтгаанаар гарахыг зөвшөөрчээ.
Харин Их Британи руу нэвтрэх хүмүүс 10 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, 210 фунт стерлингийн үнэтэй хоёр удаагийн шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Үүний дараа тус улсад мөрдөгдөж буй хязгаарлалтын дэглэмийг дагаж мөрдөх ёстой гэнэ. Коронавирусийн шинэ омгийн халдварын тархалт өндөр "Улаан жагсаалт"-ын орнуудаас ирсэн хүмүүс нисэх онгоцны буудлын зочид буудалд тусгаарлагдаж, 1750 фунт стерлинг (2.4 мянга орчим доллар) төлөх шаардлагатай юм байна.
Ташрамд дурдахад "Таймс" сониныхон "Британичуудын хувьд зургаадугаар сарын 30-наас гадагшаа аялахыг зөвшөөрөхгүй л болов уу. Наймдугаар сар илүү бодитой харагдаж байна" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: BBC, Mongolian Tourism Association