Монгол Улс нэгдмэл нэг төр, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай орон. Гэтэл ах, дүүгээрээ улс төрд хаан суух гэсэн хүсэлтэй зарим хүн хууль, дүрмийн эсрэг авирладаг боллоо. Тэд Засгийн газар, Улаанбаатар хот гэх мэтээр тус тусын эрх мэдэлтэй “холбооны улс” байгуулж, хүссэнээрээ авирлаж болно хэмээн эндүүрчээ. Тиймээс ч томилогдсон албан тушаалаа хувийн өмч мэт ойлгодог аж. Нийслэлийн иргэдийнхээ төлөө биш, эсрэг ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай луйвраас хотыг чөлөөлөхийн оронд өөрөө “загалмайлсан эцэг” нь болж хувирсан Х.Нямбаатар бол “гажиг тогтолцоо”-ны ээлжит жишээ.
Хуулиар хүлээсэн эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй учраас түүнийг огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан юм. Үүнийг олон нийт ч алга ташин хүлээж авлаа. Тэгмэгц өнөөх нь лайв хийж, “Улс орон удирдахад чиний толгой хүрэхгүй. Чи орон нутгийн сонгуулиар нэг дүүрэг ч ялуулж үзээгүй алиа бацаан байхгүй юу” хэмээн заргалдав. Нийслэлийн Засаг даргыг ИТХ-аас нь нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилдог. Бас чөлөөлөх эрх нь ч Засгийн газрын тэргүүнд бий. Энэ бол хууль. Хүн бүр, тэр тусмаа албан тушаалтнууд хуулиа үг дуугүй дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй юм. Гэтэл эх зах, эрэмбэ дараа, хууль дэг гэж байхаа больжээ. Яагаад ийм гажуудал үүсчихэв.
Х.НЯМБААТАР ТӨСӨӨЛЛӨӨСӨӨ БОДИТ ЕРТӨНЦӨД УНАВ
Х.Нямбаатар гэдэг хотын дарга хоёр жил найман сар ажиллаад огцорлоо. Саарал цамц өмссөн, сэтгүүлч асуухад таалагдсандаа л хариулдаг, харагдсан бүхнээ загнасан, занасан, хүний эрхийн мэдрэмжгүй, “гаж” хүний дүр төрх ийнхүү түүхэнд үлдэж байна. 1.7 сая орчим хүн амтай Улаанбаатар хотынхны 1.1 сая нь сонгох эрхээ эдлэх насныхан. Хотын “парламент”-ын сонгуульд тэдний 42.3 хувь нь л оролцсон. Энэ бол 460 гаруй мянган сонгогч гэсэн үг. Тэдний 50 орчим хувийн буюу 230 гаруй мянган хүний саналаар МАН нийслэлийн ИТХ-д 90 хувиар ялсан байх нь. Эдгээр сонгогчийн олонх нь МАН-ын гишүүн, дэмжигч, “фэн” ахмад шүү дээ. Өөрөөр хэлбэл, хотын хүн амын 15-ханхувийн буюу үндсэндээ гишүүдийнхээ саналаар л нэг нам үнэмлэхүй олонх болсон гэсэн үг. Тэгээд МАН-ын төлөөлөгчдөөс Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж хотын даргаар сонгожээ. Үнэндээ бол тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг шууд санал болгож, батламжилсан байдаг. ИТХ ердөө намын даргынхаа даалгаврыг гүйцэтгэсэн төдий юм. Тэгэхээр нийслэлчүүдийн үнэмлэхүй олонх нь түүнийг сонгоогүй. Тиймээс огцруулсан шийдвэрийг дэмжиж буй.
Улаанбаатарчуудын ийм бага төлөөллийн саналаар дарга болчихсон Х.Нямбаатарт өмнө нь байгаагүй өндөр төсөв, эрх мэдэл байв. Гэвч хамгийн хаалттай, дарамттай хотын дарга л болж үлдлээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1.1-т “Нийслэлийн иргэн хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах бүрэн эрхтэй” хэмээжээ. Гэвч хотын төсвийг “хулгай”-гаар баталдаг, юу болоод буй мэдээллээ нээлттэй өгдөггүй байсан гэхэд болно. Түүнд хэн, ямар хуулиар ийм бүрэн эрх өгчихсөн юм бэ. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол түүнд ийм эрх үгүй. Харин төсөөлөлдөө бий болгосон ертөнцдөө тэр өөрийгөө “хаан” хэмээн эндүүрч, бүхнийг хүссэнээрээ хийх эрхтэй хэмээн боджээ. Үүндээ бат итгэхэд тойрон хүрээлэгчид нь ч их нөлөөлсөн байх.
Уг нь хотын дарга бол ердөө л гүйцэтгэгч. Нийслэлийн нутаг дэвсгэрт ИТХ-ын болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэгтэй төрийн төлөөлөгч юм. Гүйцэтгэх албан тушаалтан атлаа “холбооны улс”-ын Ерөнхийлөгч мэт авирлаж, Засгийн газрын шийдвэр, иргэдийн санал бодлыг үл тоосны хариуд хууль, дүрэмтэй улс гэдгийг түүнд санууллаа. Ийнхүү хуулийн дагуу өөрт нь хариуцлага тооцож байхад дээд шатны удирдлагаа загнаж, сүрдүүлэх эрх бүр үгүй. Түүний хөгшин, Ерөнхий сайдын залуу байх үүнд огт хамаагүй. Энэ бол Монгол Улсын засаг захиргааны нэгж, удирдлагын буюу төрийн ажлын тухай ойлголт болохоос МАН доторх шатлалын эрх мэдлийн тухай яриа биш. Төрийн албанд олон жил ажиллаж, УИХ-д хоёронтоо сонгогдон, ХЗДХ-ийн сайд хийсэн хүн үүнийг ялгаж салгаж чадахаа байтлаа “вакумжсан” байх нь. Тиймээс нэлээд өндрөөс бодит хөрсөн дээр уналаа. Одоо тэр нийслэлийн ИТХ-ын “сул” төлөөлөгч болж байна. Түүний үеэл Л.Оюун-Эрдэнэ ч яг л ийм зарчмаар “томорч”, эцэстээ огцорсон юм.
Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатар татвар, хураамжийг огцом нэмж, автомашины дугаарыг “дамын наймаа” болгонхувиргасан. “Туулын хурдны зам” хэмээх төслийг хэрэгжүүлэхийн төлөө Улаанбаатарын иргэд, Монгол Улсын Засгийн газрын эсрэг зогссон. Улс орон, ард түмний эрхээс давсан ямар өндөр ашиг сонирхолтойболоод ийнхүү улайрсан нь энгийн иргэдэд ч ойлгогдож байна. Одоо энэ “аймшигтай” эндүүрлийнхээ үр дүнг тэрбээр амсаж, хариуцлагаа хүлээх ёстой. Төрт ёс, хууль дэгтэй улсад амьдарч байснаа ойлгог. Түүнийг албан тушаалаас нь огцруулаад өнгөрөх биш, амласнаараа нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг шалгаж, ямар луйвар, булхай ард нь байсныг илрүүлэн, хариуцлага тооцохыг одоо бид Ерөнхий сайдаас шаардах ёстой. Тэрбээр ямартай ч өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, цаг үе, үнийн өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ хотын даргыг яагаад чөлөөлснөө тайлбарласан гэнэ. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатарын иргэдийн эдийн засаг, нийгмийн амьдралыг сайжруулах үүрэгтэй, ажлаа Ерөнхий сайдад тайлагнадаг хуультай. Тэгвэл эл үүргээ хангалттай биелүүлж чадаагүй учраас чөлөөлснөө тайлбарласан байна.
Б.МӨНХБАТЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЖЭЭ
Ерөнхий сайд Н.Учралын захирамжийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр өчигдөр танилцуулсан юм. Албан тушаал бол авч, бас өгч болдог зүйл. Гэтэл Х.Нямбаатар гомдомхой хүүхдийн зан гаргав. Түүнд өөрийн биеэр үүрэг гүйцэтгэгчдээ тамга гардуулах нүүр байсангүй. “Намайг эзгүйд тамгаа өгчих” гэжээ. “Унах”-ынхаа өмнө тэр бас “хор найруулж” амжсан нь ч ил боллоо. Энэ сарын 15-нд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан Г.Жаргалсайханыг хотын даргын нэгдүгээр орлогчоор томилсон аж. Тэгснээ дөрвөн өдрийн дараа буюу 15-нд нь огцруулаад, сольчихож. Оронд нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилсон юм байна. Тэрбээр эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч гэнэ. Үүний ард МАН-ын бүлэглэлүүдийн тэмцэл, талцал л өрнөөд буй.
Ийм “холио” хийснийх нь дараа Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан тул хотын дараагийн даргыг томилтол шинэхэн нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг үүрэг гүйцэтгэгч болгохоор захирамжилжээ. Экс дарга нь тамгаа гардуулж чадахгүй гэсэн тул Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр эл үүргийг гүйцэтгэнэ лээ. Тэрбээр Монгол бол нэгдмэл төртэй улс гэдгийг сануулаад “Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хотын даргыг чөлөөлөх Ерөнхий сайдын захирамж гарснаар ИТХ-аас дараагийн хүнийг 14 хоногт нэр дэвшүүлэх ёстой. Тэр хүртэл Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төрт ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ хуулийн дагуу, хэвийн, тасралтгүй явуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосныг уламжилж байна” гэсэн юм.
ДАРААГИЙН ХҮН ХЭН БЭ
Одоо дараагийн ээлжид хэн “хоолонд орох” вэ гэдэг марафонд МАН-д өрнөж буй. Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалтай. Уг албан тушаалын төлөө өмнө нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өрсөлдөхөөр зориглосон нь Х.Нямбаатарыг уурлуулж, “хорхойтой араанд ньзуугдсан” байдаг. Нийслэлийн ИТХ-д болсон талцал ч үүнээс үүдэлтэй. ИТХ-ын дарга А.Баяр Засгийн газраас түр зогсоосон “Туулын хурдын зам” төслийг хэлэлцэхгүй гэсэн нь ч ард түмнээ бодсон гэхээс илүү үнэндээ хөшигний арын бүлэглэлийн эрх ашиг, улс төртэй холбоотой байв. Тэгмэгц нь Х.Нямбаатарын хүмүүс түүнийг огцруулаад, сольж орхисон билээ.
Одоо өөрөө “унасан” тул экс хотын дарга бүлэглэл дотроосоо дараагийн Засаг даргыг тодруулахыг эрмэлзэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн түүний “залгамжлагч”-аар тодорч болзошгүй гэнэ. Харин нөгөө талаас нь Э.Бат-Амгалангнийслэлийн МАН-ын даргад, А.Баярыг Засаг даргад зүтгүүлж мэдэх нэг хувилбар бий.
Гэхдээ улс төрийн томилгоо гэж үзэн намын дарга нь шууд нэр дэвшүүлэх өмнөх буруу жишгийн дагуу явбал арай өөр хүмүүс гарч ирнэ. Тэр нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч биш хүн байж ч болно. УИХ-аас Ерөнхий сайдад парламентын гишүүн биш хүнийг томилсонтой ижил гэсэн үг. Гайхалтай нь, уг “сунгаа”-нд ч бас УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр дуулдаж байх юм. Одоогийн албан тушаалдаа ханаж цаддаггүй юм уу, эсвэл өмнөөс нь хүмүүс ийм “шуум” гаргаж, “хорлоод” байдаг юм уу.
Ямартай ч МАН-ын аль нэг бүлэглэлээс дараагийн хотын даргыг тодруулна. Өмнөх талцлын үед 40 төлөөлөгч нь 29:11 харьцаагаар хуваагд санаар А.Баярыг огцруулсан билээ. Харин Х.Нямбаатарын бүлэглэлээс дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилохгүй татгалзах эрхтэй. Тэгэхээр дараагийн хүнийг тийм ч амархан тодруулахгүй байж мэднэ. Гэхдээ тухайн нэр дэвшигч нь хууль, дэгээс давж биш, хүрээнд нь ажиллах, төсөөлөлдөө бус, бодит ертөнцөд буусан, иргэдээ сөрөхгүй, сонсдог, бас нийслэлд төрж, өссөн хүн байгаасай гэж залбиръя. Цаашдаа хуулиа өөрчилж, нийслэлийн Засаг даргыг нэг нам давамгайлсан ИТХ-аас бус, Улаанбаатарын хүн амын саналаар тодруулдаг болгох ёстой. Тогтолцоог ингэж өөрчлөхгүйгээр хүнээ сольсон ч дараагийн Х.Нямбаатар л“төрнө”. Учир нь тогтолцоо нь албан тушаалтныг “хаан” болгохуйц гажуудчихсан. Олон жил ярилаа. Сул талыг нь хотоороо мэдэрлээ. Шинэ үеийн дарангуйлагч, “хаан” төрүүлж, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдийг тэжээх гэж татвар, төлөөсөнд нухлуулсаар бид ядарч байна. Одоо зоригтой өөрчлөлт хийе. Хотын даргын асуудлыг намд биш, иргэдийн мэдэлд үлдээчих.