Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийнхан эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий сүүлийн үеийн дэвшилтэт “Scanning electron microscope” (SEM) тоног төхөөрөмж нэвтрүүлснээ мэдээллээ. Тус сургууль нь уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгаа, инновац, инженерийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын түвшний лаборатори, судалгааны орчин бүрдүүлэн ажиллаж байна. Эл зорилтынхоо хүрээнд тус технологийг нэвтрүүлжээ.
SEM төхөөрөмж нь уул уурхайн ашигт малтмал, тэр дундаа хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг өндөр түвшинд тодорхойлдог юм байна. Цаашлаад баяжуулах үйлдвэрлэлийн нунтаглах горимыг оновчтой болгох, металл авалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхайн олборлолтын үр ашгийг дээшлүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой технологи гэдгийг МГТИС-ийнхан онцолсон. Өмнө нь манай улс ашигт малтмалын эрдсийн шинжилгээг гадаадад хийлгэж, дээжийг ихэвчлэн Австрали улс руу илгээн, хариуг нь 4-5 сарын дараа хүлээн авдаг байжээ. Харин өдгөө дээрх дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулснаар шинжилгээний хариуг 14 хоногт багтаан гаргаж, тээвэрлэлт болон гаалийн зардлыг хэмнэх боломж давхар бүрдэв.
О.Ундрах