Үлэг гүрвэлүүдийн олдвор, сэргээгдэх эр чим хүчний нөөц, тээвэр логистикийн таатай байршлаараа олон улсад цолгорохыг эрмэлзэж, эл чиглэлүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг улам бүр санал болгож буй Эрээн хотод найман жилийн дараа хөл тавьсан нь өнгөрсөн долоо хоног. Ийн зорьсон нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Эл чин сайдын яамнаас санаачлан ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн болон Гадаад хэргийн алба, Бээжин хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан “Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” сурвалжлагын багт нэгдсэнтэй холбоотой. Уг арга хэмжээнд Монгол, Хятадын 40 орчим сэтгүүлч, албаныхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр Эрээн, Улаанцав, Бээжин хотод ажиллалаа.
Найман жилийн дараа Эрээнд очиход тохижилт, ногоон байгууламжийнх нь өнгө зүс өөрийн эрхгүй нүд булаана. Адилхан л халуун, хуурай уур амьсгалтай Замын-Үүдээс хэдхэн кмын зайтай Эрээн хотын хаалгаар оров уу, үгүй юү сэрүүвтэр салхи сэвхийн, ширэг зүлэг, мод бут, цэцэг, цэцэгсийн хүрээлэн угтахад атаархах, бахархах сэтгэгдэл аль аль нь төрснийг нуух юун. Замын-Үүд халуун бас шороотой бол Эрээн халуун боловч чийглэг, зөөлөн уур амьсгалтай. Энэ нь ногоон байгууламжийнх нь л ид шид байх. Үүнийг ч батлах мэт энд тэндгүй хүмүүс тонголзон мод, зүлэг, цэцэг тарьцгаана. Мөн өндөр байшингууд, үйлчилгээний төвүүд болон бусад бүтээн байгуулалт сүндэрлэсээр байгаа нь тус хотыг ӨМӨЗО-ы тээвэр логистикийн гурван гол төвийн нэг, чөлөөт худалдааны бүс болгон хөгжүүлэх шийдвэр албажин гарсантай холбоотой. Тодруулбал, ӨМӨЗО-ы чөлөөт худалдааны гурван гол бүсээр Манжуур, Хөх хот, Эрээнийг сонгон, хөгжүүлэх шийдвэрийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргажээ.
Урд хөршийн Засгийн газрын түвшний шийдвэр бол хаадын зарлиг л гэсэн үг учраас Эрээний хөгжлийг хурдасгах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, логистикийг сайжруулах зэрэгт шаардлагатай ажлуудыг эхлүүлээд, ид бужигнаж байна. Чөлөөт худалдааны жишиг бүс болгон хөгжүүлснээр хилийн худалдааны хэмжээ, экспорт нэмэгдэх төдийгүй эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт ч үсрэнгүй ахиц гарна хэмээн тооцжээ. Тодруулбал, Эрээнд олон улсын сургуулиуд, томоохон эмнэлгүүдийн салбарыг байгуулж, монголчууд төдийгүй оросууд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг Эрээнээс авах боломж бүрдүүлэх юм байна. Эрээн боомтыг чөлөөт бүс болгон улам өргөжүүлснээр төмөр замын хүчин чадал сайжирч, Тяньжинь, Таншань боомтоос нийлүүлэх ачаа тээврийг Монгол, Оросоор дамжуулан Европ руу хүргэх том төлөвлөгөө гаргажээ. Уг ажлын хүрээнд 18 га талбайг зохион байгуулан, ачих, буулгах хэсэг, агуулахууд бү хий логистикийн төв байгуулж байна. Эл төвд одоогоор 48 аж ахуйн нэгж, байгууллага, эрдэс, түүхий эдийн боловсруулалт, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон худалдаа, хил орчмын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийг нэмэгдүүлэх бөгөөд 1000 орчим компани чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцох, тээвэр, хүнс, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Улмаар 2030 он гэхэд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусган, хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийн тоог хоёр дахин өсгөхөөр төлөвлөснийг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин дурдлаа. Тэрбээр “Эрээн чөлөөт бүс нь авто болон төмөр замыг түшиглэсэн худалдаа, эдийн засгийн жишиг болох хэтийн зорилготой. Зорилгоо биелүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд Замын-Үүдийн оролцоо их гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бид хамтран ажиллаж, харилцан хөгжиж байж Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван орны худалдааны коридор байгуулж, хил хоорондын нэвтрэх хурдыг өсгөн, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ” гэлээ. Үүний хүрээнд Монгол талын төлөөлөлтэй удаа дараалан уулзаж, хэлэлцээ хийсэн аж. Ташрамд дурдахад, Монгол, Хятадын худалдааны эргэлтийн 80, зорчигч тээврийн 70 хувь нь Замын-Үүд–Эрээн боомтоор дамжин өнгөрдөг байна.
Эрээнийг соёл, боловсролын жишиг бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэйг дээр дурдсан. Ийм зорилгоор олон ажил хийж ирсний нэг нь үлэг гүрвэлийн өлгий хэмээх статусыг бий болгон, ялангуяа БНХАУ-ын дотоодын аялагч дын сонирхлыг татах үзмэрүүд, орчин нөхцөл бүрдүүлэхээр зорьж буй гэнэ. Ийм зорилгоор байгуулсан Эрээн дэх Үлэг гүрвэлийн геологийн цэцэрлэгт хүрээлэнг сонирхлоо. Тус хүрээлэнд Азид хамгийн анх үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндгийг байрлуулсан музейг ашиглалтад оруулсан. Мөн Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлүүдийн биологийн дээжийг цуглуулж, байршуулснаар олон улсын “Шилдэг арван шинжлэх ухааны нээлт”-ээр шалгарч байжээ. Үлэг гүрвэлийн музейн барилга нь гэхэд 33 орчим метр өндөр бөгөөд 11 метр өндөр, 11 тонн жинтэй аварга чулуужсан яснуудыг дэлгэн үзүүлсэн байв. Одоогоор Эрээн хавиас 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон бөгөөд судалгаа, шинжилгээг тасралтгүй хийн, сан хөмрөгөө баяжуулахад анхаарч байгаа аж. Мөн музейн цэцэрлэгт хүрээлэнд эрт дээр үед амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн хэмжээг бодитоор нь харуулсан том үзмэрүүд байршуулж, үлэг гүрвэлийн судалгааны олон улс дахь хамгийн том, олон олдвор бүхий парк болгох зорилготой аж.
ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНЦАВ ҮНЭТ МЭДЭЭЛЛИЙН БАНК БОЛОХ НЬ
ӨМӨЗО-ы Улаанцав хот нь 54 500 ам километр талбайтай. Байнгын 1.5, бүртгэлтэй 2.5 сая хүн амтай. Номин ногоон тал, өвөрмөц хээрийн бүс, сэрүүвтэр уур амьсгал, байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө алдаршсан нутаг аж. Мөн монгол ахуй соёл, мал маллагаа, цагаан идээний боловсруулалтыг хадгалан авч үлдсэн төдийгүй экологийн гаралтай мах, сүүгээр хийсэн хоол зоог нь зочдын сэтгэлд нийцдэг, уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлж буй хотын нэг юм байна. Өргөн уудам тал, нар, салхины шавхагдашгүй нөөц нь сэргээгдэх эрчим хүчний диваажинг мөн бий болгон, улмаар дата төвүүдийг бойжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Тиймээс ч Улаанцав өдгөө сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, түүгээр тэжээгддэг дата төвийн үйл ажиллагаагаа гайхуулж буй. Эдгээрийн нэг “Жүнжинь дата” төвийн үйл ажиллагаатай “Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” сурвалжлагын багийнхан танилцлаа. Тус төв нь агаарын тээвэр, банк санхүү, технологийн чиглэлийн 300 гаруй томоохон байгууллагатай хамтран ажилладаг, бүх Хятадад өрсөлдөхүйц том компани аж. Нийт 91 орчим тэрбум юаний хөрөнгө оруулж, 30 гаруй га талбайг хамруулсан дата бааз, 450 мянган ам метр талбайтай барилга, байгууламждаа харилцагч байгууллагуудынхаа датаг найдвартай, тасралтгүй хадгалах зориулалтай гэсэн үг.
Тэнд серверийн 12 танхим, 25 000 компьютерийн тавиур суурилуулсан байна. Нийт 338 мянган кВт цахилгаан хэрэглэж байгаа бөгөөд дэд бүтцээ өргөжүүлж, багтаамжаа нэмэгдүүлснээр зарцуулах эрчим хүчнийх нь хэмжээ хоёр дахин өсөх тооцоо бий. Хамгийн гол нь хэрэглээний цахилгаанаа 100 хувь сэргээгдэх эх үүсвэрээс гарган авдаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний төслийг 2024 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сарын хооронд хэрэгжүүлж, бүрэн суурилуулж чаджээ. Зөвхөн эрчим хүчний хангамжаа шийдэхэд 1.6 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулж, 200 мянган кВт хүчин чадалтай салхин турбин 26-г байрлуулсан бол 100 мянган кВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулан ашиглалтад оруулсан байна. Цаашид дата төвийнхөө багтаамжийг тогтмол сайжруулах ба үүнд зарцуулах ногоон эрчим хүчний ашиглалтын түвшнийг 96.8 хувиас дээш барин, жилд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 480 мянган тонноор бууруулах боломжтой юм байна.
“Жүнжинь дата” төв нь одоогоор зургаан салбартай. Үүнийгээ өргөжүүлэн 12 хотод байгуулахаар төлөвлөжээ. Ер нь дата төвүүдийг байгуулж, өндөр хүчин чадалтай сервер ашиглахад маш их хэмжээний эрчим хүч шаарддаг. Тиймээс сэргээгдэх эх үүсвэрээс ханган, байгальд ээлтэй шийдэл бий болгохын зэрэгцээ сэрүүн, хүйтэвтэр бүсэд байгуулахыг зорьдог нь өвлийн улиралд цахилгааны хэрэглээ багасан, зардал буурдагтай холбоотойг анхаарууштай санагдсан. Өөрөөр хэлбэл, манай улс ч нар, салхины арвин нөөцтэй бас хүйтэн сэрүүн бүс нутагтай билээ.
Улаанцав дахь төмөр замын логистикийн төвийг БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос эхлэн зэрэглэлийг нь өсгөсөөр, 2024 онд ХятадЕвропын ачаа тээврийн шуурхай түгээлтийн парк болгон өргөжүүлжээ. Одоогоор 30 гаруй га талбайд тус төв үйл ажиллагаа явуулж, ӨМӨЗО-ы хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг европын зах зээл рүү гаргах, мөн Орос, Европын уул уурхайн бүтээгдэхүүн, модон материалыг хүлээн авч, шаардлагатай бол боловсруулж, савлан Хятадын дотоодын зах зээлд нийлүүлдэг гэнэ. Ачаа эргэлтийнх нь дийлэнхийг мод, буудайн төрлийн таримлууд, тос, хүнсний ногоо бүрдүүлнэ. Эрээн рүү гэхэд жилд тус бүрдээ 40-55 чингэлэг бүхий 160 цуваа гаргадаг гэсэн. Эдгээр ачаа нь мэдээж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн логистикийн бүсээр дайрна. Мөн дээрх төв нь гаалийн баталгаат үйлчилгээг бий болгон, орчин үеийн тээвэр, олон улсын худалдаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг хослуулан үйл ажиллагаа явуулж, 2024 онд гэхэд борлуулалтын орлого нь 2.5 тэрбум юаниас давжээ.
Урд хөршийн газар тариалангийн салбарын хөгжил, бүтээмж, бүтээгдэхүүний нэр, төрөл, нийлүүлэлтийн хэмжээ нь дэлхийд дээгүүрт ордог. Тэдгээрийн нэг Улаанцав дахь гидропоник технологитой, ухаалаг хүлэмжээс жилд 40 удаа ургац авч буйтай бид танилцлаа. Тодруулбал, орчин үеийн тоног төхөөрөмж, хүлэмжийн аж ахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн “Хунфү” газар тариалангийн паркт 30 га газарт хүнсний ногоо тарьдаг бол ухаалаг хүлэмжээс жил бүр 10 мянган тонн нарийн ногоо хураан авч, хөрсгүй тариалангийн жишиг төв байгуулжээ. Мөн Улаанцав нь сэрүүн цаг агаартай учраас хүнсний ногооны нутгийн сортыг гаргах, орон нутагт тэсвэртэй үр, үрсэлгээг хөгжүүлэхэд анхаарч, академичийн ажлын станц байгуулсан байна. Эл станцын талбайд гогод, хөмүүл, байцай, лууван зэргийг ургуулж Монгол болон Орос руу импортолдог. Хамгийн гол нь талбайдаа хэрэглэж буй ургамал хамгааллын бодис нь уургийн гаралтай, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдгээрээ алдаршин, экологийн цэвэр бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд томоохон байр суурь эзэлжээ. Түүнчлэн тус хотод 2022 онд байгуулсан Газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн сургалтын баазад 100 гаруй төрлийн цэцэг, мод бут үржүүлдэг бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд үзүүлэн таниулах хичээл заах, орон нутгийн иргэдийг чадавхжуулах зэргээр жил бүр 200 000 гаруй юанийн орлого төвлөрүүлж байна.
Эрээн, Улаанцав хот эрчимтэй хөгжиж, хөдөө аж ахуй, газар тариалан төдийгүй сэргээгдэх эрчим хүч, технологи хөгжүүлэлт, дата төвүүд, тээвэр логистикийн салбарт ч өндөр байр суурь эзлэх болжээ. Бид ч тэднээс суралцан, бүс нутгийнхаа онцлог, газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлдөө тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээг улам олныг бий болговол сайхан. Улаанбаатараас 700 гаруй л км-ийн зайтай Эрээн гэхэд л Замын-Үүдээр дамжуулан, тээвэр логистикоо өргөжүүлж, ОХУ, Европ дахь нийлүүлэлт, борлуулалтын нөлөөллөө тэлэхээр тэмүүлж, хөгжлийн галт тэргээ нэгэнт хөдөлгөөнд оруулжээ. Бид ч тэр галт тэргэнд байр сууриа эзэлж, өөрсдийн хувь нэмрээр хүч түрж, хамтдаа хөгжих сөн.