“Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн 8а ангийн сурагч Б.Баясгаланг онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөл нь нисэх загварын спортод хөл тавихад хөтөлжээ. Тэрбээр үүнтэй нөхөрлөсөн үеийнхнээсээ богино хугацаанд амжилт гаргаж буй. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад хичээллэж авьяас, ур чадвараа хөгжүүлж, дотоодын томоохон тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн нь түүнд урам өгсөн гэдэг. Өнгөрсөн жил нисэх загварын спортын УАШТ-ий жолоодлогот уран нислэгийн өсвөр үеийнхний ангилалд оролцож, тэргүүн байрт шалгарсан тэрбээр энэ удаа Улаанбаатарт болсон Техник, технологийн олимпиадад түрүүлж, Хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм. АНУ-ын Индиана мужийн Манси хотод энэ сарын 11-17-нд зохион байгуулсан ДАШТ-д ур чадвараа сорьсон Ази, Европын тамирчдаас хамгийн залуу оролцогч нь тэрбээр байв. Тухайн үед 12 насандаа эх орноо төлөөлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн бол энэ удаа Австралийн Перт хотыг зорьж, өнгөрсөн сарын 30-нд зохион байгуулсан “Австралийн цом2026” “Дэлхийн цом”-ын тэмцээний уран нислэгийн F2B ангилалд түрүүлсэн билээ. Тус тэмцээний дараа тавдугаар сарын 3-8- нд болсон ДАШТ-д үргэлжлүүлэн оролцож, мөнгөн медаль хүртсэн түүнтэй ярилцлаа.
-Монголын шигшээ багаас та өсвөр үеийнхний ангилалд “Дэлхийн цом”-ын уран нислэгийн F2B ангилалд түрүүлж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь олон орны анхаарлыг ихэд татсан. Австрали улсын нислэгийн талбайд дэлхийн шилдгүүдийн нэгээр тодорлоо шүү дээ.
-Баярлалаа. Тус улсад болсон хоёр ч том тэмцээнд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, алт, мөнгөн медаль хүртлээ. Өмнөх ДАШТ-ийг бодвол энэ удаа өсвөр үеийнхний ангилалд олон тамирчин өрсөлдсөн. Энэ нь нисэх загварын спорт улс бүрд эрчимтэй хөгжиж, шинэ залуу тамирчид бэлтгэснийг илэрхийлж байна. Тэднээс Болгароос оролцсон найман настан хамгийн залуу нь байв. Миний хувьд улсынхаа багаас шилдэг 15-д багтаж, финалд шалгарсан. ДАШТ-ий өсвөр үеийнхний уран нислэгийн F2B ангилалд БНХАУ-ын тамирчин аваргаар тодорч, багаараа тэргүүлсэн бол АНУ-ынх II, Японых III байр эзэллээ. Азийн орнуудаас өмнөд хөршид уран нислэгийн төрөл өндөр хөгжсөнийг тамирчид нь амжилтаараа харуулдаг. Тивийн ихэнх улс дулаан уур амьсгалтай тул тамирчид нь бэлтгэл сургуулилалтаа сайтар базаасан нь тэмцээний явцад анзаарагдсан. Тухайлбал, Хятадын шигшээ багийн тамирчин бүр онгоцоо 500 удаа нисгэж, бэлтгэл хийснийг Перт хотод хөл тавихдаа сонссон юм. Харин Японы тамирчид Австралид ирсэн даруйдаа сургуулилалтаа үргэлжлүүлж, тэмцээний үед нэгийгээ маш сайн дэмжин, бүгд тусалж байлаа. Тэдний зорилго, нэгдмэл байдал нь эхний гурван байрт шалгарахад их нөлөөлсөн шүү.
-ДАШТ-д оролцохын тулд өмнөд хөршид нэг хэсэг бэлтгэл хийж, Перт хотыг зорьсон гэл үү?
-Тийм ээ. БНХАУ-д ур чадвараа сайжруулах зорилгоор хэсэг хугацаанд сургуулилалт хийсэн минь үр дүнтэй болсон. Үүнийгээ ч харуулж, ДАШТ-ий өмнөх сорилго тэмцээн болох ”Австралийн цом-2026” “Дэлхийн цом”-д түрүүлсэн. Перт хотод тивийн орнуудаас онцгойрох зүйл байгаагүй ч өдөр маш хурдан өнгөрч, нэг л мэдэхэд орой болдог нь тун гайхмаар. Хоол, хүнсэндээ мах голдуу хэрэглэдэг нь манайхтай төстэй. Матар, кенгуруны мах анх удаа идэж буй бидэнд тун сонирхолтой байлаа. Тус хот ойролцоогоор 2.2 сая хүн амтай, Австралидаа хамгийн алслагдмал, Сиднейгээс 3000 км-ийн зайтай оршдог юм билээ. Миний ажигласнаар иргэд нь тайван амьдралтай, найрсаг харилцаатай, хот нь автомашин ихтэй ч зам нь түгжирдэггүй нь сайхан санагдсан. Монголоос гурван цагийн зөрүүтэй ч тэмцээн болсон хот Улаанбаатарынхтай адил байсан нь орчин нөхцөл, уур амьсгал, цаг агаарт нь дасан зохицоход бидэнд илүү амар байв. Тэмцээнтэй өдрүүдэд хотынх нь хөгжилтэй тухтай танилцах зав гараагүй ч дахин зочлох бодол төрүүлсэн.
-Аав тань дасгалжуулж, энэ онд зохион байгуулсан тэмцээнд сойж буй талаар сонссон.
-Аавынхаа удирдлагад хичээллэж, “Дэлхийн цом”, ДАШТ-д оролцсон. Ээж бидэнтэй хамт явсан тул халамж, анхаарал тавиад түшиг тулгуур болсон. Аав тэмцээнтэй өдрүүдэд миний алдааг олж хараад зөвлөж, чиглүүлсэн нь шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөхөд их нөлөөлсөн. Бид нисэх загварын спортод нэг нь дасгалжуулагч, нөгөө нь тамирчнаар хөл тавиад удаагүй. “Дэлхийн цом”-ын тэмцээн эхлэхийн өмнө аав надад “Сандарч, тэвдэх хэрэггүй. ДАШТ-ий бэлтгэлээ хэрхэн хийдэг билээ. Түүн шигээ л хүлээж аваарай” гэж хэлээд талбайд гаргасан. Өнгөрсөн гурван жилд бэлтгэлээ үр дүнтэй хийж, ур чадвар, туршлагаа аль аль нь ахиулсан гэж боддог. Өглөө бүр эрт босож, нислэгийн талбайд сургуулилалт хийсэн хичээл зүтгэл минь амжилт болж ирсэнд баяртай байна. Аав нисэхийн инженер мэргэжилтэй. Хүүхэд байхдаа нисэх загвараар хичээллэсэн болохоор энэ спортод дуртай байдаг юм.
-Та уг нь ДАШТ-д Хятадын багийн тамирчныг хожиж, тэргүүлж эхэлсэн. Гэвч финалын нислэгт амаргүй учраатай таарсан бололтой.
-Финалын сүүлийн нислэгт цаг агаарын таагүй нөхцөл байдал нөлөөлсөн. Сугалаанд хүчирхэг тамирчин таарч, түүнд ялагдан мөнгөн медаль хүртсэндээ сэтгэл гонсойсон. Тэрбээр өглөө тогтуун байхад онгоцоо нисгэсэн. Намайг үдээс хойш талбайд гарахад салхи гарч, онгоцоо нэгэн жигд залж удирдахад амаргүй болсон юм. Цаг агаарын байдал гэнэт өөрчлөгдөөгүй бол түүнтэй оноо тэнцэх байлаа. Дараагийн ДАШТ Франц улсад 2028 онд болно. Багийнхантайгаа Австралиас наашлахдаа хоёр жил уйгагүй бэлтгэл хийж, дэлхийн аварга болох зорилго өөртөө тавьсан. Перт хотоос тээж ирсэн бодлоо заавал хэрэгжүүлнэ. Миний хувьд нисэх загварын спортын уран нислэгийн F2B ангиллын тэмцээнээс долоон алт, гурван мөнгө, таван хүрэл медаль гардсан. Надад одоо ДАШТий алтан медаль л дутуу байна.
-Тамирчид тэмцээний үед ялах, ялагдах мэдрэмж аль аль нь төрдөг гэдэг. Танд мэдрэгдэв үү?
-“Австралийн цом-2026”, “Дэлхийн цом”-д оролцсоны дараа тамирчдын оноог жагсаасан юм. Надтай хүчтэй өрсөлдөх магадлалтай улсын оролцогчдоос АНУ-ын тамирчин Эберенз Ангстромын оноог хараад хожиж яваагаа ойлгосон юм. Тэр үед түрүүлнэ гэсэн итгэл минь намайг амжилтад хөтөлсөн. Түүнийг би хоёр тэмцээнд оноогоор илүүрхсэн. Тэрбээр “Дэлхийн цом”-д мөнгө, ДАШТ-д хүрэл медаль хүртсэн. Харин намайг ДАШТ-ий сүүлийн нислэгээ хийхэд салхи гарч, цаг агаар тогтворгүй болсон юм. Тэр үед Хятадын тамирчинд байгалийн үзэгдлээс болж хожигдохоо мэдэрч байлаа. Түүнээс биш, миний бэлтгэл сайн байсан.
-Тамирчид медаль хүртэх бүрд үүрэг хариуцлага нь дагаж ирдэг гэх үг бий.
-Санал нэг байна. Төрийн дуулал эгшиглэх үед “Минийх бус, улсын маань нэр гарна. Дараагийн тэмцээнд амжилтаа бууруулахгүй, аваргаа хамгаалж өрсөлдөх ёстой” гэдэг бодол хамгийн түрүүнд төрдөг. Өмнөд хөршид бэлтгэл хийж байхад аав намайг шилдгүүдтэй өрсөлдөнө гэдгийг мэдсэн юм шиг “Чи ДАШТ-д ялж, амжилт гаргана аа” гэж хэлсэн. Харин надад тэр үед аваргуудыг хожих итгэл тийм ч их төрөхгүй байлаа. Гурван жил хичээллэсэн гэхэд Дэлхийн цом, ДАШТ-ээс медальтай ирнэ гэдэг миний хувьд чамлахааргүй амжилт гэж бодож байна. Гэхдээ би ганцаараа зүтгээд медаль хүртээгүй. Ааваас гадна шигшээ багийнхнаас З.Чингис ах, “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртсэн Д.Тэмүүжин хоёр ДАШТ-ий үед тусалж, хэрэг болох зөвлөгөө өгсөн. Тэдний хэлснийг нислэгтээ хэрэгжүүлж, өндөр оноо авсан. Д.Тэмүүжин бид хоёр нас ойролцоо. Нисэх загварын спортын уран нислэгийн F2B ангилалд 16 дасгал хийх шаардлагатай байдаг юм. Тэмцээний үед намайг зарим дасгалын гүйцэтгэлийг дутуу хийхийг тэрбээр хараад онгоцоороо ямар хэлбэр дүрс, өнцөг гаргаж, уран нислэг харуулахыг хэлсэн нь хамгийн зөв зөвлөгөө байсан. Тэрбээр ахынхаа удирдлагад бэлтгэл хийдэг. Ах Д.Буяндорж нь АНУ-ын Индиана мужийн Манси хотод 2024 онд зохион байгуулсан ДАШТ-ий өсвөр үеийнхний ангилалд хүрэл медаль хүртэж байв.
-Таныг “Дэлхийн цом”-д түрүүлсний дараа Монголын Төрийн дуулал эгшиглүүлэхэд бусад орны тамирчид хүндэтгэж, дуртай сонсож байгаа нь тэмцээний бичлэгээс анзаарагдсан шүү.
-Монгол Улсын Төрийн дуулал сайхан аялгуутай. Медалийн тавцанд Төрийн далбаагаа хараад, дууллаа сонсох мөчид өөрийн эрхгүй огшиж, догдолдог юм билээ. Тэр үед тамирчин байхын сайхныг мэдэрч бахархсан. Би ангийнхнаасаа ганцаараа нисэх загварын спортоор хичээллэдэг. Нөхдийн минь олонх нь сагсан бөмбөг тоглож, сургууль, дүүргээс зохион байгуулсан тэмцээнд оролцдог юм. Энэ ташрамд, намайг ДАШТ-д оролцоход сургуулийн удирдлага, хамт олон, ангийн нөхөд, Техник, технологийн олимпиад зохион байгуулах дэд хороо, Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлсэнд талархсанаа илэрхийлье. Би Техник, технологийн олимпиадад өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа болоход нь түрүүлсэн юм.
-ДАШТ-д шинэ онгоцтой оролцож харагдсан. Хаана захиалж хийлгэв?
-Аав бид хоёр өнгөрсөн жил Украин улсаас худалдаж авсан юм. Ах миний онгоцны загвар, дизайныг гаргадаг. Тэрбээр уран бүтээлчдийн концертын тайзны дизайнераар ажиллладаг. Түүнд онгоцны дизайнераар ажиллах таалагдаж байгаа тул сүүлийн үед захиалга ирж, завгүй ажиллах болсон.
-Тэмцээнд түрүүлээгүй ч хамгийн сонирхолтой уран нислэгийг аль улсын тамирчин харуулсан бэ?
-Австрали улсын тамирчин байр эзлээгүй ч сонирхолтой, гоё нислэг хийсэн. Би ирэх жил олон улсын тэмцээнд оролцох бодол бий. Гэхдээ одоогоор ямар оронд зохион байгуулах тэмцээнд оролцохоо хараахан шийдээгүй байна. Гэрийнхэнтэйгээ энэ талаар сайтар зөвлөлдөж ярилцана. Миний хувьд эх орондоо зохион байгуулсан олон улс, “Дэлхийн цом”-ын тэмцээнд өсвөр үеийнхний ангилалд түрүүлж, насанд хүрэгчдийнхэд хүрэл медаль хүртсэн юм. Миний гардсан медалиудын олонх нь “Дэлхийн цом”-ынх.
-Тамирчид нэгэндээ тэмцээн болон бэлтгэл сургуулилалтынхаа талаар мэдээлэл хуваалцдаг. Хэнтэй ойрд холбогдож, яриа өрнүүлэв?
-Өмнөх ДАШТ-ий дараа Сингапур, сая болсон тэмцээний үеэр АНУ-ын тамирчинтай найз болж, нөхөрлөлийнхөө хүрээг тэлсэн. Намайг хоёр ч тэмцээнээс медальтай эх орондоо ирэхэд сургуулийн маань хамт олон, ангийн нөхөд, хамаатан садны ах дүүс, найзууд гээд олон хүн баяр хүргэж угтлаа. Хожих зүйл дээр өрсөлдөгчдөө ялагдсан болохоор сэтгэл жаахан дундуур онгоцноос буусан ч олноос урмын үг сонсоод сэргэсэн. Гэртээ иртэл ах минь ширээ засаад бялуутай, цэцэгтэй угтан авч, баяр хүргэсэн нь сайхан санагдаж байлаа. Мөн нисэх загварын спортоор хичээллэдэг үеийнхэндээ “Сонирхдог спортдоо дуртай бол тулгарах саад бэрхшээлд битгий бууж өгөөрэй. Ганц, хоёр удаа онгоц нисгэж унагаад эвдсэн бол больё гэж шантрах хэрэггүй. Хэрэв эвдсэн бол засаад талбайд дахин гар. Тэнд чиний хүсэл мөрөөдөл байгаа шүү” гэж хэлье. Би анх хичээллэхдээ мөн л онгоцоо унагаад цөөнгүй эвдсэн. Аав минь онгоцны инженер тул засаж, маргааш нь бэлтгэл хийлгэхээр талбайд гаргадаг байсан нь зорилгоо биелүүлэхэд нөлөөлсөн.