Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний улиралд 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 33.6, үйлчилгээний салбарынх 4.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн 1-3 дугаар сард дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны үнээр 22.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 3.9 их наядаар нэмэгджээ. Харин ДНБ-д өрхийн хэрэглээ 51.2, цэвэр экспорт 19.4, хөрөнгийн нийт хуримтлал 15.8, төрийн байгууллагуудын хэрэглээ 13.6 хувийг эзэлсэн байна. Ташрамд дурдахад, Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийг тогтвортой өсөж, энэ жил 5.7, ирэх онд зургаан хувиар нэмэгдэх төлөвтэйг мэдээлсэн бол Дэлхийн банкнаас 2027-2028 онд дунджаар 5.5 хувиар өсөх тооцоо хийжээ.
С.Дулам