Буриад түмний соёл, урлаг, спортын томоохон арга хэмжээ болох “Алтаргана-2026” наадмыг ОХУ-ын Улаан-Үд хотноо долоодугаар сарын 1-5-нд зохион байгуулна. Хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ болон дэлхийн бусад оронд амьдарч буй буриад түмэн оролцож, өв соёл, язгуур урлагаа сурталчлан таниулдаг уламжлалтай.
Энэ удаагийн хөтөлбөрт ардын дуу, хөгжим, бүжиг, уран зохиол, кино урлаг, каллиграф болон загварын уралдаан зэргийг багтаажээ. Мөн гоо үзэсгэлэн, билэг оюуны илэрхийлэл болсон дангина бүсгүйг энэ үеэр шалгаруулах аж. Түүнчлэн үндэсний бөх, сур харваа, шатар, хурдан морины уралдаан зэрэг эрийн гурван наадмаас гадна “Ёохорын шөнө” цэнгүүн, дүрслэх урлагийн үзэсгэлэн, ахуйн онцлогийг харуулсан гэр хотхон тэргүүтэйолон төрлийн үйл ажиллагаа төлөвлөжээ.
Түүх сөхвөл, “Алтаргана” наадмыг 1994 оноос эхлэн Монголоос гадна Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаарт ээлжлэн зохион байгуулсаар иржээ.
Э.Сүйлэн