Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас энэ оны эхний дөрвөн сард хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 нь явган хүний гарц дээрх зам, тээврийн осол байсныг өчигдөр мэдээллээ. Үүний улмаас дөрвөн хүн хөнгөн, 59 хүн хүндэвтэр гэмтсэн бол 28 хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, 12 хүний амь хохирсон байна. Явган хүний гарц дээр машинд дайруулсан хүмүүсийн 16 нь хүүхэд бөгөөд нэгийнх нь амь эрсэджээ. Мөн зургаа нь хүнд, найм нь хүндэвтэр, нэг хүүхэд хөнгөн гэмтсэн аж. Түүнчлэн ослын улмаас өндөр настай хоёр иргэн нас барж, таван хүний эрүүл мэндэд хохирол учирсныг УЕПГынхан хэлсэн.
Зам, тээврийн дээрх ослууд нь жолооч явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохио үл тоомсорлосон, уулзвар, гарцуудад анхаарал болгоомжгүй зорчсоноос үүдэн гарчээ. Тодруулбал, жолооч шулуун замд хурдаа сааруулаагүйн улмаас 68, уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс 23, гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаагүйгээс тав, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоноос долоон хүнийг мөргөж гэмтээсэн байна. Улмаар осол гаргасан жолооч нарын тав нь согтуу байсан нь тогтоогджээ. Тиймээс иргэдийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгч, Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
О.Ундрах