Шүүх эрх мэдлийн зарим байгууллага, тэр дундаа Улсын дээд шүүх ойрын үед олон нийтийн анхааралд нэлээд өртөөд байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үүрэг гүйцэтгэх бүрэн эрхийн хугацаа ирэх сарын эхээр дуусгавар болно. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан. Үүнийг хэрэгжүүлбэл ерөнхий шүүгчийг дахин томилохгүй гэсэн үг. Гэвч түүнийг нэрийг дахин дэвшүүлж болзошгүй гэсэн яриа гарах болов. Учир нь энэ хууль хэрэгжихээс өмнө Д.Ганзоригийг ерөнхий шүүгчээр томилсон болохоор дээрх заалтад хамаарахгүй гэж тайлбарлах нэг хэсэг бий.
Ерөнхий шүүгч ч улирах сонирхолтой байгаа гэх мэдээлэл ч гарч буй. Түүгээр ч зогсохгүй Шүүхийн тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргачихсан, маргаан үүсгээд, энэ сарын 27-нд Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товлоод буй гэнэ. Цэц хэрхэн шийдвэрлэхийг харж байж ерөнхий шүүгчийн асуудал шийдэгдэх нь. Ерөнхий шүүгч өөрөө хэн нэгнээр Цэцэд мэдээлэл гаргуулсан байх магадлалтай юм билээ.
Үүнтэй зэрэгцээд Улсын дээд шүүхийн шүүгчээр шинээр томилогдохоор болж буй Т.Өсөхбаярыг ерөнхий шүүгч болгож болзошгүй гэх мэдээлэл ч цацагдах болов. Энэ бол галыг намжаах, анхаарлыг өөр тийш нь буюу Ерөнхийлөгчийн нутаг ус руу чиглүүлэх гэсэн хүмүүсийн дэгс яриа, мэдээлэл гэхэд хилсдэхгүй. Томилогдоо ч үгүй байгаа хүнийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн зөвлөгөөнөөс гарган ирж, ерөнхий шүүгчээр томилох нь юу л бол. Тус шүүхэд цөөнгүй жил болсон, анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж үзсэн туршлагатай хүн Улсын дээд шүүхийн Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэргийн танхимд олон. Тэгэхээр энэ туршлагатай хүмүүсээсээ нэгийг нь сонгон, ерөнхий шүүгчид нэрийг нь дэвшүүлбэл хуульд ч нийцнэ, Дээд шүүхийн нэр хүндийг ч дээшлүүлэхэд хэрэг болно. Тэрнээс биш, одоогийн ерөнхий шүүгчийг улираана гэдэг нь хуулийн дээрх заалтыг зөрчихөөс гадна шүүхэд “Сонгины фракц” гэгч бүлэглэл байдаг гэх муу хэл амнаас ангижирч чадахгүй. Түүнчлэн жолоочдоо халдсан тухай, туслах байсан, шүүгч болсон хүнийг нь анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутайд тооцсон атал Дээд шүүх нь хэрэгсэхгүй болгочихсон гэх мэдээлэл гарч байв. Өнөөгийн ерөнхий шүүгчийг энэ мэт хэл аманд холбон хардах хүн цөөнгүй бий. Шүүхийн нэр хүнд тааруухан, шүүгч нар бөөн бөөнөөрөө Сахилгын хороондоо дуудагдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэг бус гараад зогсохгүй, Засгийн газрын тэргүүн нь шүүх рүү дайрсан мэдэгдэл ч хийж байлаа. Гэвч энэ үед Улсын дээд шүүх нь, ерөнхий шүүгч нь юу ч дуугаралгүй өнгөрсөн. Тиймдээ ч олон нийтийн сүлжээнд өнөөгийн ерөнхий шүүгчийг шүүмжлэн “Шүүхийнхээ төлөө ганц ч үг ганхийсэнгүй, оронд нь зоригтой ерөнхий шүүгчтэй болоосой. Шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх, гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч ирж чаддаг хүн ерөнхий болоосой” хэмээн бичсэн биз ээ.
НЭГЭНДЭЭ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ ШЕЗ, САХИЛГЫН ХОРООНЫХОН ӨВӨР ТҮРИЙДЭЭ ОРЖ БАЙНА
Шүүхийн сахилгын хороог байгуулсан цагаас Улсын дээд шүүх тийм ч таатай ханддаггүй. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Үндсэн хуулийн байгууллагууд хоорондоо таарамж муутай нь хууль тогтоогчдоос ч болсон байхыг үгүйсгэхгүй. Сахилгын хорооны шийдвэрийг Дээд шүүх хянадаг нь зөв үү, буруу юу гэх мэтгэлцээн зарим хуульч, эрх зүйчийн дунд бий. Түүнчлэн Сахилгын хорооныхон гомдолд дурдагдсан шүүгчдийг хэрэг үүсгэх, эсэхээр барьцаалж байна гэх яриа ч гарч буй нь шүүхийн нэр хүндэд халтай, сэв суулгасан явдал. Үүнд аль аль тал нь хариулт өгөх ёстой ч ус балгасан мэт л байдаг. Сахилгын хорооныхон ч хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх шүүгч цөөнгүй. Жишээлбэл, Шүүхийн тухай хуулийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”-ыг хориглохоор заасан. Сахилгын шийтгэл хүлээсэн олон шүүгч энэ заалтыг зөрчсөн хэмээн буруутгагдсаныг нь Шүүхийн сахилгын хорооны тогтоолуудаас харж болно. Шүүгч нарын нэлээд хэсэг нь үүнийг хууль буруу тайлбарлаж хэрэглэж байгаа хэмээн үздэг юм билээ. Өөрөөр хэлбэл, уг заалтын дагуу сахилгын хэрэг нээсэн бол АТГ-аар шалгуулж, мөрдүүлэн тогтоолгох нь зөв юм биш үү гэсэн байр суурь илэрхийлэх хуульч цөөнгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласантай утга дүйх учраас, мөн шүүгч ч гэсэн нийтийн албан тушаалтан тул АТГ-ынхнаар шалгуулах нь зөв ч байж болох.
Гэхдээ ямар ч тохиолдолд буруутгагдаж буй хүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах ёстой. Үндсэн хуульдаа ч тэгж заасан. Тийм атал Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) нь хэдэн шүүгчийнхээ эрхийг хамгаалах тал дээр дуугардаггүй. Хуульч даас шилдгийг нь тодруулж, шүүгчээр томилох санал өргөн мэдүүлэх чиг үүрэг хэрэгжүүлдэг ШЕЗ-ийн хийх бас нэг ажил нь шүүгчдийн эрх ашгийг хамгаалах. Гэвч Шүүхийн сахилгын хороонд дуудагдсан шүүгчдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил тийм ч хангалттай бус. Уг нь Сахилгын хорооныхны хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг ШЕЗ-д хандаж гаргахаар хуульчилсан. Энэ хороо байгуулагдсанаас хойш хоёр гишүүнийх нь талаарх гомдол ШЕЗ-д ирсэн гэх ч үндэслэл тогтоогдоогүйгээс хаасан сурагтай.
ШЕЗ, Сахилгын хорооны гишүүд бүгд төрийн өндөр албан тушаалтан ангилалд ордог. Энэ төрийн өндөр албан тушаалтнууд бие биедээ хяналт тавих ёстой байтал өвөр түрийдээ орох нь холгүй байгаа нь хачирхалтай. Хууль тогтоогчид эрхбиш үүнийг анзаарч л байгаа байлгүй. Гадаадын элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүү лэх нэрээр ШЕЗ, Сахилгын хорооныхон хөтлөлцөөд тухайн орон руу туршлага судалж байна гэж явах нь биедээ хяналт тавьж буй хэлбэр үү, найрсан уусаж буй явдал уу.
ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ШҮҮГЧ ХАРИУЦЛАГААС МУЛТРААД БАЙХАД ХЭН ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ ВЭ
Шүүгч бол шударга ёсыг тогтооход онцгой үүрэгтэй хүн. Гэвч шүүгч нарын дунд алдаа дутагдал гаргадаг, хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, бусдынхаа нэр хүндийг унагаж буй тохиолдол ч бий. Тиймдээ ч тэдний сахилга хариуцлагад хяналт тавьж байх үүрэг хүлээлгэж Шүүхийн сахилгын хорооны статусыг Үндсэн хуульдаа тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, сахилга сул шүүгчид цөөнгүй бий учраас хууль тогтоогчид ийм алхам хийсэн биз. Гэвч ёс зүйгээ зөрчин, ширэн нүүрлэх шүүгч ганц нэг байсаар. Ялангуяа өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, энэ албан тушаалд томилогдсон хүмүүс дотор иймэрхүү нөхөд нэг бус дуулдана. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймаг дахь Сум дундын нэг шүүгчтэй холбоотой гомдлыг Сахилгын хорооныхон шалгаж эхэлжээ. Баян-Өлгий аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн байгууллагын 40 гаруй ажилтан нийлж, төсвийн хөрөнгийг завшсан, халамж авах ёсгүй хүнд танил талаараа дамжуулж олгосон хэргийг АТГ-ынхан шалгасан. Уг хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан өмгөөлөгч өдгөө шүүгч болоод дээрх шүү хэд ажиллаж буй гэнэ. Улмаар өөрөө өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан хэрэгтээ шүүгчээр оролцож буй нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл биш гэж үү. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн 50.1.28ын “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх заалтыг зөрчсөн гэх гомдол Сахилгын хороонд ирж, шалгаад эхэлчихэж.
АТГ-ынхны шалгасан, шүүгч, өмгөөлөгч нар холбогдсон хээл хахуулийн хэргийг шүүх нь нэг бус удаа буцаасны эцэст хаачихсан тохиолдол ч байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлж байсан билээ. Энэ хоёр хуульч дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа ил чилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч Дээд шүүх нь хээл хахуулийн хэргийн талаар шүгэл үлээсэн шүүгчээ яллагдагчаар татаж оруулж ирэх ёстой хэмээн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш сураг алдраад байв. Харин тэгэх нь ээ, уг хэргийг прокурорын тогтоолоор хаа чихаж. Ямар учраас хэргийг нь хааж, эд мөрийн баримт болсон 10 000 ам.долларыг холбогдогч нарт буцаан олгосон нь тодорхойгүй. Хэрэв үнэхээр хэрэг биш байгаад шүүгч Б тэдний талаар худал мэдээлэл, гүтгэлэг тараасан бол түүнд хариуцлага ногдуулах ёстой юм биш үү. Үгүй бол шүүгчид хахууль өгөхийг завдсан хэргээ шүүх нь шударгаар шийдэх ёстой сон.
Эдгээрээс гадна Шүүхийн сахилгын хороог өмгөөлөгч нар буруугаар ашиглах оролдлого хийж байна. Хэн нэг шүүгчийн эсрэг гомдол Сахилгын хороонд гаргаж, улмаар “Хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэсэн бичиг, лавлагаа аваад түүгээрээ “Та энэ хэрэгт орох ёсгүй. Сахилгын хэрэгт шалгуулж байгаа” хэмээн нээнтэглэдэг зохисгүй явдал гаргаж буйд ШЕЗ нь анхаарлаа хандуулаасай.
САХИЛГА СУЛ ШҮҮГЧИД ДЭЭД ШҮҮХИЙНХЭЭ ХАМГААЛАЛТАД НУУГДДАГ УУ
Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэсэн хэргийг Улсын дээд шүүх хянаж, эцсийн шийдвэр гаргадаг. Дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ДарханУул аймаг дахь шүүхийн хоёр ч шүүгчид оноосон огцруулах шийтгэлийг хэвээр нь үлдээсэн. Тэгвэл түүнээс хойш энэ сар гарсаар долоо хоног бүрийн баасан гарагт сахилгын хэргийн шүүх хуралдаан товлоод байгаа юм. Энэ сарын 8-нд товлосон Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцэхийг хойшлуулж, ирэх баасан гарагт хийх гэнэ. Харин энэ сарын 1, 15-нд товлосон сахилгын хэргүүдийг нь Шүүхийн сахилгын хороо руу дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Анхан, давж заалдах шатны шүүгч нар нь холбогд чихсон болохоор Дээд шүүх үйлдлийг нь дурсах нь бүү хэл нэрийнх нь эхний үсгийг ч тавилгүй “нууцалж” байгаа. Уг нь Шүүхийн сахилгын хорооны хурлын зар дээр холбогдсон шүүгч, гомдол гаргагчийн нэр хаяг нь тодорхой байхад нууцлаад хэрэг байдаг юм уу. Тус хороо нь хянан шийдвэрлэсэн хурлынхаа талаарх тоймыг пүрэв гараг бүр цахим хуудсандаа нийтэлж, түүнээс нь анхаарал татсан, хамгийн хүнд буюу огцруулах шийтгэл оноосон зарим хэргийг сэтгүүлчид бид уншигчдадаа хүргэдэг. Гэтэл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатарын тэргүүлдэг Шүүгч дийн холбоо гэх төрийн бус байгууллагынхан нээлттэй мэдээллийг уншигчдад хүргэсний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагыг “сүрдүүлсэн” албан тоот илгээж байв. Шүүхийн сахилгын хорооны шийдвэр нууц байх ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Дээд шүүхийн шүүгчийн албыг хашдаг хүн ийм албан бичиг илгээж хэвлэл мэдээллийнхнийг “сүрдүүлж” буй нь шүүх нээлттэй байх эрхэм зорилготой нь нийцэхгүйг болгоох биз ээ. Шүүгчдийн холбоо гэх төрийн бус байгууллага үнэхээр шүүгчдээ хамгаалдаг юм бол “лифтний шүүгч нар” гэх дуулианы үеэр хэвлэл мэдээллийнхэнд хандаж элдэв албан бичиг илгээх ёстой л байсан шүү дээ. Шударга ёсыг тогтоох үүрэгтэй Шүүгчдийн холбооны тэргүүн нь “дабл стандарт” гаргаж болохгүйг ташрамд сануулъя.
Шүүхийн сахилгын хороонд шүүгч шүүгчийнхээ эсрэг гаргасан гомдлууд цөөнгүй. Дархан-Уул аймгийнхан, Баянхонгорынхон гээд нэрлэвэл нэлээд хэдэн гомдлыг тус хороо хянаж, заримыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэгэхээр шүүгчид дунд сахилга сул нөхөд цөөнгүй байгааг нөгөө нь илчилж буй хэлбэр гэлтэй.
Д.Дайчин