Ухаалаг мэс засалч
Түрүүч нь №093 (8397) дугаарт
Малчин монголчууд, тариачин хятадууд хэмээн тодорхойлох нь доромжилсон болохгүй. Нэг нь мал маллаж, нүүдэл чин, нөгөө нь тариа тарьж, суурин соёлыг хөгжүүлсээр өдий хүрсэн. Тиймээс ч тал газарт тариа тарин тонголзох даавуун шаахай, сийрсэн малгайтай хүмүүсээр Хятад орныг төсөөлдөг байсан цаг холгүй. Тэгвэл өдгөө урд хөршийнхөн, ялангуяа залуус нь технологийн “мангас” болж, робот гэрийн үйлчлэгч ажиллуулж, “төмөр амьтан” тэжээж, онгоцтой дүйцэхүйц хурдтай галт тэрэг, машинаар зугаалж, улмаар сансрын уудмыг эрхшээхээр хичээж байна. Хэтрүүлж хэлбэл, сарны гадаргууд тариа тарьж, сансраас мөнгө босгохоор санаархаж байна, тэд. Энэ тухай сурвалжилснаа хүргэе.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн болон гадаад хэргийн алба, Бээжин хотын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба зэрэг байгууллагынхан зохион байгуулсан “Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” хамтарсан сурвалжлагын хү рээнд Эрээн, Улаанцав, Бээжин хотод ажилласан талаар өмнө нь нийтэлсэн. Тэгвэл өнөөдөр Бээжин дэх ялангуяа технологийн компаниудын үйл ажиллагаатай танилцсанаа толилуулж байна.
Автомашин, гар утас, цахилгаан бараа засаж сэлбэдэг, худалдан борлуулдаг төв, эсвэл их дэлгүүрт орохдоо хэн ч гайхдаггүй. Харин роботуудыг засаж, сэлбэдэг, борлуулдаг төвд орох, үүдэнд нь роботын хагас марафон гүйлтийн дэлхийн аварга Аянга (Lighting) зогсож байх нь үнэхээр сонирхолтой. Аянга нь өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан 21.1 км-ын уралдаанд 50.26 минутын амжилтаар түрүүлж, хүний рекордыг эвдсэн “нөхөр” юм байна. Түү нийг ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Honor” компани бүтээсэн бөгөөд Аянгатай хамт 100 гаруй дэвшилтэт роботыг Бээжин дэх роботын 4S дэлгүүрт байрлуулжээ. Эдгээрийн дунд хувцас эвхэгч, робот гэрийн тэжээмэл амьтан болон хүүхэд саатуулагч, дуу, шүлэг цээжлүү лэгч зэрэг бий. Тэдгээрээс худалдан авахаас гадна түрээсэлж ашиглах боломжтой. 4S төвийн нэгдүгээр давхарт биет ухаалаг роботыг олон нийтэд танилцуулах, туршилт хийлгэх хэсэг байрладаг бол хоёрдугаар давхарт нь шинжлэх ухааны ололт, инновацыг сурталчилж, роботуудын дараагийн үеийг хөгжүүлж, худалдах танхимууд байв. Харин гуравдугаар давхарт нь мэргэжлийн техникийн үзлэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэсгийхэн, дөрөвдү гээрт нь эрдэмтэд, судлаачид туршлага, мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх орон зай бүрдүүлжээ. Товчхондоо, эрдэмтэн, зохион бүтээгчдийн санаанаас эхэлсэн ажил бүрэн хэлбэрээ олж, биет робот болон хэрэглэгчдэд хү рэх бүх ажлыг нэг дор зангидсан гэсэн үг.
Цаашид 4S нь төв нь роботуудыг улам хөгжүүлж, илүү олон загвар бий болгон, робот үйлчилгээний шинэ жишгийг тогтооно. Робот ажилладаг үйлчилгээний төв, ресторан нээхэд хамтран ажиллах нь. Түүнчлэн төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж, гэр ахуйн туслахууд, робот тоглоом зэргийн нэр, төрөл, үйлчилгээний цар хүрээг улам бүр нэмэгдүүлэх, улмаар робот нь роботоо үйлдвэрлэх боломж бүрдүүлж эхэлж буй аж.
Ийм үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмжүүд, өндөр технологийн эд анги бүтээхэд нэн шаардлагатай зүйл нь хагас дамжуулагч буюу чип. Ийм чип, хагас дамжуулагч, нано түвшний автоматжуулалтын систем хөгжүүлж, үйлдвэрлэдэг “Multifields technologies” компанид “Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” хамтарсан сурвалжлагын багийнхан зочиллоо. Тус компанийн тэргүүлэгч бүтээгдэхүүн нь нано түвшний өндөр нарийвчлалтай хөдөлгөөний платформ юм. Нано технологи шингээсэн роботуудыг хагалгаа хийхэд, сансар, цөмийн технологийн үйлдвэрлэл, эм болон эмнэлгийн салбарт ашигладаг. Мөн хэт бага хэм, вакуум, соронзон орчинд ажиллах олон төрлийн төхөөрөмжийг “Multifields technologies” мөн бүтээдэг аж. Бүр хүний үсний ширхгийг 10 дахин нарийсгаж хуваасан хэмжээний тийм үл үзэгдэх хөдөлгөөнийг мэдрэх, дулаан, долгион, гэрлийг халуун, хүйтэн, харанхуй гээд ямар ч үед хэмжин, илрүүлэх боломжтой багаж, төхөөрөмжийг гарган авчээ. Одоогоор ийм төрлийн 200 гаруй стандарт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 90 гаруй хувийг нь хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Тэдгээрийн нэг нь нүдний 0.2 миллиметрийн нарийн судсыг өндөр нарийвчлалтай оёдог робот бөгөөд цаашид эрүүл мэндийн салбарт хүний гарын хөдөлгөөнөөс илүү тогтвортой, нарийн ажиллагааг гүйцэтгэх чадвартай технологи хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тунмин нуурын шинжлэх ухаан, технологийн бүсэд байрладаг “Модуль ертөнц” инкубатар төв нь хиймэл оюуны аж үйлдвэрийн хотхон. Тус хотхонд гарал үүсэл, хувьсал, манлайлал гэсэн үндсэн гурван шатлалаар инновацын бүс байгуулжээ. Гарал үүслийн буюу стартап бүсэд анх 150 орчим компани бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс одоогоор 40 орчим нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь өндөр технологийн салбарт байр сууриа эзэлсэн, нэр хүнд бүхий компани аж. Түүнчлэн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй болохыг зорьж буй хиймэл оюуны “Haizhi” технологи зэрэг 15 компани Хувьслын бүсэд ажилладаг. Ерөнхийдөө “Модуль ертөнц” нь санааг боловсруулсаар шилдэг технологи, бүтээгдэхүүн болгон зах зээлд нэвтрүүлэх бүх боломжийг хангаж өгдөг парк гэсэн үг. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд нь технологи хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн явцаасаа шалтгаалж 1-50 тэрбум юанийн санхүүжилт авах боломжтой гэнэ. “Модуль ертөнц”-өөс одоогоор Хятад даяар алдаршсан виртуал инфлүүнсер Юриг танилцуулаад байна. Тэрбээр зар сурталчилгаанд тоглож, компаниудын нүүр царай болж, өөрийн “бизнесийг босгож” амжжээ. Түүнчлэн “Модуль ертөнц”-д бойжуулж буй компаниудын бүтээсэн 150 гадаад хэлээр шууд орчуулах төхөөрөмж, ор чуулагч, мэдээлэл дамжуулагч нүдний шил зэрэг нь борлуулалт сайтай аж.
“Multifields technologies” компанийн инженерүүд
ГАРААНЫ КОМПАНИАС ГАН ЦУТГАМАЛ, УХААЛАГ МАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ
“Xiaomi” буюу хятадаар Xiao жижиг, Mi будаа, будаахан ч гэж болох утга бүхий нэртэй үйлдвэр нь гарааны компаниар бүртгүүлснээс хойш тав хүрэхгүй жилийн дотор 2015 онд өөрийн нэрийн ухаалаг гар утсаа танилцуулж байж. Тухайн үед олон улсад “Xiaomi”-г жижиг зүйлээс эхэлж том амжилтад хүрэхийг бэлгэдсэн нэрийн утгаа биелүүлж, үсрэнгүй хөгжлөө хэмээн дуулиантайгаар хүлээж авч. Мөн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Лэй Жун нь ухаалаг гар утасны танилцуулгаа өөрөө тарааж байсан гэдэг. Тэгвэл өнгөрсөн онд тэрбээр цагт 350 хүртэлх км хурдалдаг, 900 км-т нэг удаа цэнэглэдэг цахилгаан автомашинаа унан БээжинШанхай чиглэлд хурдалж үзүүлсэн байна. Хоёр хотын хооронд 1200 орчим км бөгөөд ердөө нэг удаа л машинаа цэнэглэн гайхуулсан байдаг. Ногоон технологийн дэвшлийн жишиг болсон, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xiaomi” компанийн автомашины үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулжээ. Ухаалаг технологи бүхий бүрэн автомат тус үйлдвэрт өдгөө 700 орчим робот ажиллан, цагт 40 ширхэг “Xiaomi SU7” автомашин үйлдвэрлэдэг. Энэ нь 76 секунд тутамд нэг шинэ “тэрэг” бүтээж буй хэлбэр бөгөөд үйлдвэрийн байр, орчныг аж үйлдвэр, аялал жуулчлалын жишиг цогцолбор болгон хөгжүүлжээ. Үзэсгэлэнгийн танхимдаа архитектур, хөдөлгүүрийн гол моделууд, SU7 загварын бүх машинаа дэлгэн харуулдаг юм байна. Түүнчлэн машин үйлдвэрлэлд ашиглаж буй робот, бүх технологио нутагшуулах, патент эзэмших биш, өөрсдөө боловсруулсан, бүрэн цутгасан ган хийц бүхий автомашин санал болгодгоороо онцлог. Одоогоор “Xiaomi”-г зөвхөн дотооддоо борлуулж буй бөгөөд зах зээлийнхээ эрэлт, сонирхлыг бүрэн хангаж, мөн экспортын шалгуурт нийцсэний дараа Европын зах зээлд автомашинаа нийлүүлэх төлөвлөгөөтэй гэсэн. Автомашинууд нь бүрэн автомат, ухаалаг удирдлагатай бөгөөд машинаасаа гэрийнхээ цахилгаан хэрэгслийг удирдах, гэрээсээ машинаа асааж, унтраах боломжтой юм билээ. Үүнээс гадна 230 хоногт 100 000 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн амжилт нь автомашин үйлдвэлэгчид дундаа хамгийн богино хугацаа гэсэн рекорд эзэмшиж байна.
Монгол, Хятадын сурвалжлагчид Хуайрөү дүүрэг дэх Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ судалгааны төвтэй мөн танилцлаа. Тус төв нь 100.9 ам километр газар эзэмшин зургаан давхар барилгад үйл ажиллагаа явуулан бүх хятадын шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг өлгийдөн авдаг чухал байгууллага аж. Тэнд шинжлэх ухааны академийнх нь харьяа Өндөр энергийн, Физикийн болон Химийн хүрээлэн байрлан, нийт 4000 гаруй судлаач ажиллаж байна. Бүх салбарын эрдэмтэн, судлаачийг цуглуулан, Бээжин хотын захиргаа, хятадын Шинжлэх ухааны академийн их сургууль, Бээжингийн болон Цинхуа их сургууль зэрэг томоохон байгууллагуудтай хамтран, оюутан судлаачдыг сургах, дадлагажуулах, шинэ санааг бойжуулж, бүтээл гарагахад нь оролцдог аж. Үүнээс гадна бид Яньчи нуурын олон улсын хурлын төвтэй танилцсан юм. Энэ нь дэлхийн хэмжээний уулзалт, төрийн айлчлалыг зохион байгуулдаг томоохон дипломат цогцолборын нэг. Яньчи нуурын үзэсгэлэнт арал дээр 650 мянган ам метр талбайд хурлын төв, тансаг зэрэглэлийн зочид буудал болон хаус, ажиглалтын цамхаг байгуулжээ. Тус цогцолборын архитектур, дизайнд Хятадын гурван мянган жилийн түүхтэй хааны ордны хэв маяг, орчин үеийн шийдлийг хослуулан шингээж, ирсэн зочид нь санагалзах, сонссон нэг нь тэмүүлэх тийм орчин, байгууламж бүтээжээ.
Дээр дурдсан технологийн компаниуд, судалгааны хүрээлэнд 25-40 насны залуус голчлон ажиллаж, зочдод үйл ажиллагаа танилцуулах юм. Нано технологийн компани нь гэхэд 2015 онд 13 хүнтэй ажлаа эхлүүлж байсан бол өдгөө 80 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой, 200гаад ажилчинтай. Сүүлийн таван жилд гэхэд борлуулалтынх нь орлого багадаа тав дахин өссөн, бүтээгдэхүүнийхээ 90 хувийг хэрэглээнд нэвтрүүлсэн хэмээн бахдалтайгаар хэлэх нь атаархмаар. Роботууд, ухаалаг автомашин болон өвчтөнтэй ярилцах “хиймэл бүсгүй”, AI инфлүүнсер, эсийн түвшинд мэдрэх хагас дамжуулагч, цахилгаан мэс засалч, арилжааны сансрын технологи зэргийг бүтээх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд олон жил зарцуулсан байх. Тэдгээр мэргэжилтэн, оюутан, ажилчид, инженерүүд нь ч олон жил хичээж, шаргуу хөдөлмөрлөж, өндөр боловсрол эзэмшсэний эцэст ийн амжилтад хүрсэн биз.