Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Дэлхийн хөшөө дурсгалын сан хамтран хэрэгжүүлэх Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга, сүм хийдийн цогцолборыг хамгаалах төслийн нээлт энэ сарын 22-нд боллоо.
АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр түүх, соёлын онцгой ач холбогдолтой Эрдэнэ Зуу хийдийг урт хугацаанд хамгаалахаас гадна дэлхийн өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр гадаадын дэвшилтэт технологи, инновацын туршлагаас суралцах боломж нээгдэх аж. 2028 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх эл төслийн хүрээнд Эрдэнэ Зуу хийдийн гол дурсгал болох Алтан суваргыг иж бүрэн сэргээн засварлана. Үүнээс гадна нарийн мэргэжлийн зөвлөх баг ажиллуулж, нөхцөл байдлын иж бүрэн үнэлгээ, баримтжуулалт хийхийн зэрэгцээ шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг татан авч, сэргээн засварлах талбайг бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн орон нутгийн мэргэжилтнүүдийн соёлын өвийн талаарх хадгалалт, хамгаалалтын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх аж.
Эрдэнэ зуу нь Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорумын туурин дээр 1586 онд байгуулагдсан, манай орны ууган сүм хийдүүдийн нэг юм. Хийдийн дотор орших Алтан суварга нь Монгол, Төвөд, Хятадын архитектурын өвөрмөц хэв шинжийг хослуулсан бөгөөд буддын шашин, түүх, соёлын өвийг илэрхийлсэн уг цогцолборын гол бэлгэдэл аж.
Э.Сондор