Найжел Фараж Британийн нэлээд чинээлэг айлд төржээ. Эцэг, эх нь XVII-XIX зуунд Герман, Францаас Англид цагаачилж ирсэн хүмүүсийн удам байв. Эцгийн талын өвөө нь Британийн армид алба хааж, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, шархдаж байжээ.
Найжел тав орчим насандаа хүнд үеийг үзсэн нь эцэг нь архи ууснаас ажилгүй болж, хэсэг хугацаанд гэр бүлээ ч орхисон байна. Хоёр жилийн дараа архиа хаяж, ажилтай ч болж, энэ айл сайхан амьдрах болжээ. Найжел Лондоны өмнөдөд байх эрэгтэй хүүхдүүдийн сургуульд сурч, 1975-1982 онд нэр хүндтэй коллежийн оюутан, хожим нь Ерөнхий сайд болсон Эдвард Хитийн адил алдар нэртэй төгсөгч нь болсон байна. Сургууль, коллежид сурч байхдаа бусдаас нэг л өөр, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь заримынх нь дургүйг хүргэдэг, заримынх нь сонирхлыг татдаг гэгддэг байж. Нэг ангийнхан дотор нь түүнийг цагаачдад дургүй, арьс өнгөөр гадуурхдаг, еврейн эсрэг үзэлтэй гэж шүүмжлэгчид цөөнгүй байв. Коллежоо төгсөөд Лондонгийн металлын биржид ажиллав.
1999-2000 онд Английн зүүн өмнөд нутгаас Европын парламентын депутат боллоо. Энэ үедээ “Эрх чөлөө, шууд ардчиллын төлөөх Европ” фракцын нэг дарга нь байв. Шуугиан тарьсан, эрс ширүүн үг хэлдгээрээ олон улсад нэлээд танигдах болжээ. Парламент дахь үйл ажиллагааныхаа зэрэгцээ телевизийн нэвтрүүлэг хөтөлж, шоунд оролцдог байсан нь түүний мэдлэг, нэр хүндийг багагүй нэмэгдүүлсэн байна.
1992 онд Маастрихтын гэрээнд гарын үсэг зурсанд дургүйцлээ илэрхийлж, Консерватив намаас гарч Нэгдсэн хаант улсын тусгаар тогтнолын намыг үндэслэгчдийн нэг болов. Энэ намаас 1994 оноос эхлэн Европын болон Британийн Парламентын сонгуульд нэрээ хэд хэд дэвшүүлж байж, 1999 оны намраас Европын парламентын депутат болж, 2004, 2009, 2014 онд улиран сонгогдсон байна. 2006 онд намаа тэргүүлж, 2009 оны Европарламентын сонгуульд оролцоод авсан саналынхаа тоогоор хоёрт оров. Парламентын спикерийн суудлын төлөө 2010 оны сонгуульд өрсөлдөхийн тулд 2009 оны эцсээр намын даргын албаа өгсөн ч зорьсондоо хүрсэнгүй. 2009 онд “Дейли телеграф” сонины санал асуулгаар “Барууны хамгийн нөлөө бүхий 100 улс төрч”-ийн 41-д орсон бол 2010 онд 58, 2012 онд 17 дугаарт бичигдэж, 2013 онд Ерөнхий сайдын дараа хоёрдугаарт орсон байна. 2014 оны Британийн нийт үндэсний сонгуульд Фаражийн удирдсан нам анх удаа ялалт байгуулав. Энэ бол 1906 оноос хойш лейбористуудын болон консерваторуудын хажуугаар ямар нэг нам ялсан анхны тохиолдол байлаа. Исламын эсрэг эрс баруун үзлээрээ нэрд гарсан хүнийг тэргүүнээ болгосныг нь эсэргүүцэж, Фараж 2018 онд намаасаа гарч дараа жил нь Брексит намаа байгуулсан нь Британийг Европын холбооны гишүүн байлгах нийтийн санал хураалтын үр дүнг хамгаалах зорилготой нь холбоотой байлаа. Тэгсэн хэрнээ Британийг Европын холбооноос гаргах консерваторуудын олонх болон Ерөнхий сайд Борис Жонсоны хүчин чармайлтыг идэвхтэй дэмжив. 2021 онд намынхаа нэрийг Өөрчлөлт шинэчлэлийн хэмээн солив. 2024 оны зургаадугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Риши Сунак хугацаанаас нь өмнө долоодугаар сард сонгууль хийхээр товлов. Фараж ч улс төрд эргэн ирж буйгаа зарлаад намаа удирдаж сонгуульд оролцох боллоо. Тойргоосоо Парламентын гишүүнээр сонгогдлоо. 2026 онд Фараж улс төрийн идэвхээ эрс нэмэгдүүлж, энэ оны сонгуульд Ерөнхий сайд Кир Стармерт итгэл үзүүлэх, эсэхийг шийднэ хэмээн мэдэгдсэн байна. Энэ бол биднийхээр орон нутгийн сонгууль бөгөөд Уэльс, Шотландад Фаражийн нам лейборист, консерваторуудад хүчтэй цохилт өгснөөр тэд 1400 суудлаа алдаж, 1500 орчим суудал Reform UK намд ирлээ. Тус намын энэ ялалт өнгөрсөн нэг жилийн дотор Фаражийн эсрэг юу ч хийж чадаагүй уламжлалт намуудад Британийн сонгогчид урам хугарсныг харуулж байна гэж шинжээч, улс төрчид үзэж байна. Үнэхээр улсынхаа эдийн засаг хийгээд цагаач лалын бодлогыг Лейборист, Консерватив намууд цэгцэлж чадаагүй аж. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь огцров. Дэлхийн дахинд жишиг болсон танхимаар ажилладаг, хариуцлагыг нэгэнт хамтран хүлээдэг тогтолцоонд гишүүд нь ийн “шүд сугалах” мэт хоргодоод байгаа нь Кир Стармерийн Танхимхэврэг болоход зохих нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй.
Лейборист нам ихээхэн хохирол үзсэнийг орон нутгийн сонгуулийн эхний үр дүн харуулсны дараа “Би албан тушаалаа өгч улс орноо эмх замбараагүй байдалд оруулах бодолгүй байна” гэж Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдлээ. Сонгогчдынхоо итгэлийг эргүүлж авахын тулд Лейборист нам ямар алхмууд хийхээ ойрын үед олон түмний сонорт хүргэнэ хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Дараачийн парламентын сонгуульд оролцохоор төлөвлөж байна уу гэж асуухад Стармер “Намайг таван жилийн хугацаагаар сонгосон, түүнийг дуустал би ажлаа хийх бодолтой байна” гэж хариулжээ.
Найжел Фараж одоо нэр хүндтэй нам толгойлсон, Британийн хамгийн нэрд гарсан улс төрчийн нэг болоод байна. Чансаа нь өсөхийн хажуугаар Европ дахинд барууны популист улс төрчид эрх барьж байхыг засаг захиргаа нь хүсдэг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон юм. Фаражийн гадаад бодлого ард түмнийхээ санаа бодолтой зөрчилддөг. Түүнийг фашист үзэлтэй, лалын шашинтнуудад, еврей нарт дургүй гэж шүүмжилдэг ч цагаачдаас жийрхдэг сонгогчдыг нь энэ бүхэн цааш түлхдэггүй аж. Оросын талыг баримталдаг улс төрч гэдэг нэрнээсээ салах гэж Фараж оролдож Ираны эсрэг Америк-Израилын өдөөсөн дайнд Британийг оролцуулахын төлөө гуравдугаар сарын эхнээс тэмцэв. Британичуудын олонх нь Украиныг дэмждэг, Ойрх Дорнод дахь шинэ дайнтай холбогдохыг харин хүсдэггүй юм байна.
2025 онд зарим юм өөрчлөгдөж, оны эхээр нам нь нийгмийн асуулгад анх удаа лейборист, консерваторуудыг ардаа орхин тэргүүлжээ. Энэ байдлаа Reform UK нам алдахгүй байсаар 2025, 2026 онд орон нутгийн сонгуульд ялав. Гурав дахь гэгдэж байсан нам урьд нь санал асуулгад үүн шиг удаан тэргүүлж байсангүй. Сонгуулийн өмнөх олон түмний санаа бодлыг судлах талаар нэрд гарсан Жон Кертис “Одоогийн байдлаар дараагийн Ерөнхий сайд болчихоор хүн Найжел Фараж л байна” гэж өнгөрсөн оны есдүгээр сард бичиж байв.
Эрх баригч болоход бэлтгэхийн тулд Фараж багаа бүрдүүлж эхэлж байна. Намд нь “урваж” буй хүмүүсийн дотор сайд байсан хүн хэд хэд, Ерөнхий сайдын хэлэх үгийг бэлтгэж байсан хоёр ч хүн, Лордуудын танхимын гишүүн байгаа аж. Одоогийн Засгийн газрын нэр хүнд их доогуур байгаа болохоор ирэх жилд ээлжит бус сонгууль болно гэдэгт Фараж эргэлзэхгүй байгаа гэнэ. Тэр хүртэл санал асуулгад тэргүүлж байхын тулд урьдын улс төрийн зорилтыг нь үгүй хийж байсан элдэв хэл аманд өртөхгүй, цагаачидтай хийх тэмцэл төдийгүй улсынхаа эдийн засаг, гадаад бодлогыг түүнд итгэн хү лээлгэх ёстой гэдэгт сонгогчдоо чиглүүлэх хэрэгтэй байгаа юм.
Гэтэл түүнийг ялгаварлан гадуурхах үзэлтэй гэх яриа коллежид сурч байхад гарч байсан нь саяхан сөхөгдөв. 17 настай Фараж “Африк руугаа буц” гэж хэлээд гараараа аль нэг тийш заадаг байсныг Нигериэс ирсэн цагаачийн хүү эргэн санажээ. Фараж үүнийг эрс үгүйсгэв. Үнэндээ ч энэ мэт шүүмжлэл, гомдол түүний нэр хүндэд нөлөөлөхгүй байна. Фараж Британийг Европын холбооноос гаргах зорилго тавиад 30 гаруй жил болов. Санал хураасан чинь маш бага (51.9 хувь) саналын илүүгээр Европын холбооноос гарахыг дэмжигчид ялсан нь Өрнөдийг бүхэлд нь гайхшируулж, Британийг хоёр хуваачхав. Ийнхүү Фаражийн өнийн хүсэл биелж нойртой хонохтой болов. Одоо түүнд цагаачлалыг бүрэн зогсоох амлалтаа биелүүлэх үлдлээ. Өнгөрсөн онд явуулсан санал асуулгаар британичуудын бараг тэн хагас нь (45 хувь) шинээр цагаачид хүлээж авахгүй, урьд нь ирсэн хүмүүсийн олонхийг нь нутаг буцаах саналыг дэмжив. Үнэн хэрэг дээрээ Франц, АНУ-ыг бодвол Британи улс цагаачидтайгаа хэл амаа ололцож, тэдний үзэл бодолд, худалдаа, бизнест нээлттэй ханддаг нь амжилтынх нь үндэс хэмээн нэрт нийтлэгч Иэн Дант үзсэн байдаг. 2025 оны есдүгээр сад Лондон хотын төвд 150 мянган хүн цуглаж, цагаачдын эсрэг тэмцлийг дэмжсэн байна. Магадгүй, энэ нь түүхэнд хэт барууныхны зохион байгуулсан хамгийн том цуглаан болсон байх.
Фараж Оксфорд, Кембрижид суралцаагүй, ерөөс их сургуульд боловсрол эзэмшээгүй нь сонгогчдынх нь гуравны хоёр нь дээд боловсролгүй, улс төрчдийн 90 орчим хувь нь дээд боловсролтой улсад чухал давуу тал гэж улс төрч Роб Форд тэмдэглэсэн байх юм. Фаражийн өөр нэг эмзэг тал нь гадаад бодлогын талаарх үзэл нь юм. Украин дахь дайнд НАТО, Европын холбоо буруутай гэж тэрбээр нэг бус удаа хэлж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний өнгө аяс өөрчлөгдөж, одоо Путинийг “маш муу хүн” гэх болсон ч урьдын хэвээр Украиныг дэмжихгүй байгаа. Ираны эсрэг АНУ, Израилын өдөөсөн дайны эхээр Тегераны дэглэмийг солихыг Фараж дэмжиж байв. Хожим нь тэрбээр Ираны дайнтай Британи орооцолдох хэрэггүй хэмээн мэдэгдсэн байна.
Найжел Фараж хоёр эхнэрээс төрсөн дөрвөн хүүхэдтэй. Эхний гэргий нь Ирландад төрсөн, эмнэлэгт сувилагч байхдаа 1985 онд зам, тээврийн осолд орж хүнд гэмтсэн Фаражийг удаан хугацаагаар эмчлүүлэхэд нь танилцжээ. Фараж эдгэмэгцээ гэрлэх санал тавьж, тэд 1988 онд хуримаа хийсэн байна. Хоёр хүүтэй болцгоов. 1999 онд герман гаралтай эмэгтэйтэй Фараж сууж, хоёр охинтой болж, тэд эцгийнхээ улс төрийн байр суурийг дэмжих болжээ. Хоёр охин нь ангилаас гадна франц, герман хэлтэй, Британи, Герман давхар иргэншилтэй.
2024 онд Фараж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байсан Дональд Трампын Мар-а Лаго эзэмшилд нь зочлоход тэнд Илон Маск байж тааралдаад өөрийн Reform UK намдаа 100 сая ам.долларын санхүүгийн тусламж хүссэнд Макс мөнгөөр дэмжихээс татгалзаад “намын удирдагч байхад шаардагдах бүх чанар өөрт чинь алга” гэж хэлсэн байна. 2025 онд Фараж АНУ-д дахин очиж, Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцож Масктай харилцаагаа сайжруулахыг хичээсэн аж. Фараж шар айрагт нэлээд дуртай, янжуур зууж, шар айрагтай аяга барьсан “ард түмэн”-ий улс төрчийн дүр 2026 оны орон нутгийн сонгуульд Reform UK нам амжилт олоход тус дэм болсон нь эргэлзээгүй гэж британичууд үздэг юм байна.
Тавдугаар сарын 7-нд болсон орон нутгийн сонгуульд санамсаргүй ялагдсаныхаа дараа эрх баригч Лейборист намын тэргүүлэх бодлоготнууд уулзаад Ерөнхий сайд Кир Стармерыг шийдмэг, олныг өөртөө татаж чаддаг хүнээр солих цаг болсон гэж үзсэн байна. Тэгээд шилж сонгох эхний алхмаа хийж, хүмүүсийн нэрс гаргасны дотор Манчестер хотын захирагч, “YouGov” компанийн явуулсан санал асуулгаар тус улсын хамгийн нэрд гарсан улс төрч гэгдсэн 56 настай Энди Бёрнем оржээ. Кир Стармер энэ чансаанд 21 дүгээрт орсон байна. Бёрнем лейбористуудын зүүн жигүүрийн “аядуу” хэсгийн төлөөлөл юм.
Бёрнем Ливерпулийн хаяа хотод төржээ. Католик сургууль төгсөөд 15 насандаа Лейборист намд элсэж, Кембрижийн их сургуулд орж, хэсэгхэн хугацаа өнгөрөхөд улс төрд буцалтгүй зүтгэхээр шийдсэн байв. 2001 онд Нийтийн танхимын депутат болж, Тони Блэр, Гордон Браун нарын Засгийн газарт янз бүрийн алба хашиж, Соёл, Эрүүлийг хамгаалахын сайдаар ажиллаж байв.
2017 онд Манчестер хотын захирагчийн сонгуульд ялж, Нийтийн танхимаас гарав. Захирагчаар хоёр ч удаа улиран сонгогдсон байна. Намын тэргүүний сонгуульд хоёр ч удаа нэрээ дэвшүүлээд 2010 онд дөрөвт, 2015 онд хоёрт оржээ.
Р.Жаргалант