ЦХИХХЯ-наас ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар эхлүүлснээ зарлав. Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаанд өрнүүлэх тус аяны талаар ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай кибер аюулгүй байдлын чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Үүний нэг нь “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024- 2026 хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, залилангаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай хэрэгжүүлж буй. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч аюулгүй байдлаа төдийлөн хангаж чаддаггүй гэсэн судалгаа бий. Тиймээс иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээн дэх залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс хамгаалах зорилгоор уг аяныг өрнүүлж байна” гэв.
Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11 711 бүртгэгдсэн бол өнгөрсөн жил 12 233 болж, 522-оор нэмэгджээ. Иймд дээрх аяны хүрээнд цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх, иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах зэрэг 25 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
О.Ундрах