УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Эдгээр төслийн хүрээнд хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг тогтолцоо бүрдүүлэхээр зорьж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцсон гэнэ. Татвар төлөгчдийг эрсдэлд орохоос өмнө анхааруулах, зөрчлөө засах боломж олгосон тухай Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. Харин сөрөг хүчнийхэн Засгийн газраас өргөн барьсан уг төслийг нэлээд шүүмжилсэн юм.
Гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын тухай хуулийн талаар манай улсад хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүний 90 хувийг Хятадаас импортоор авдаг, ихэнхэд нь НӨАТ төлдөггүйг онцлов. Бараа бүтээгдэхүүний хөдөлгөөн, борлуулалтыг бүртгэх үндсэн зорилтдоо уг хууль хүрэхгүй байгаа, гэтэл Засгийн газар НӨАТ-ыг 10 хувиар авч, орлого бүрдүүлэхэд л анхаарч байна гэлээ. Тэрбээр “2016 оноос хойш МАН есөн төрлийн татварыг нэмэгдүүлж, дээрээс нь олон хураамж, төлбөрийг дахин дахин өсгөсөн” гэсэн юм. Гишүүн О.Цогтгэрэл “Татварын багц хууль олон жил дуншиж, олон Засгийн газар дамжсан. Гэхдээ нэлээд шоудаж, олон зүйл болж байж хэлэлцүүлэг нь эхэлж байна. Үнэхээр хангалтгүй, нүглийн нүдийг гурилаар хуурсан төсөл болжээ. Эцэстээ энэ нь аж ахуйн нэгжүүдийг жижигрэхэд чиглэсэн л өөрчлөлт болох нь” гэв.