Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн тооны ангийн сурагч охин аавынхаа мэргэжлийг өвлөн, 1988 онд ОХУын Санкт-Петербургийн их сургуулийг олон улсын эдийн засагчаар төгсөөд, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхэн үе буюу 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгаар мэргэжил дээшлүүлэн суралцсан, хожим нь Сингапурт Олон улсын бүтээмжийн чиглэлээр сурч төгссөн Салдангийн Одонтуяаг манай парламентын “толгойтой” гишүүдийн нэг гэдэг. Тэрбээр парламентын түүхэнд УИХын анхны эмэгтэй дэд даргаар бүрэн эрхийн хугацааны турш (2020-2024) ажилласан ганц эмэгтэй юм. Өнгөрсөн жилийн намар МАН-ынхан эрх мэдэл, албан тушаалын төлөө эрээ цээрээ алдан, эх адаггүй бужигнаж байхад парламент дахь АН-ын бүлгийнхэн төсөв батлах гэх мэт чилэн улсын хойшлуулшгүй асуудлуудад идэвхтэй манлайлал үзүүлж, бусдыгаа шахаж ажилласан. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэр үед С.Одонтуяа гишүүнийг энэ албыг дөрвөн жил хашихдаа төрийн хүний мэдлэг, туршлага, зангараг заан, ёс төртэй бөгөөд үлгэр жишээ ажилласныг нь онцлон баяр хүргэж байсан билээ.
Ажлын туршлагын хувьд тэрбээр их сургууль төгсөөд Шинжлэх ухаан, мэдээллийн төвийн мэргэжилтнээр хэсэг ажиллан удалгүй хувийн секторт шилжиж, 2012 он хүртэл “Сод трейд”, “Лотс инвест” ХХК-ийн захирлын алба хашжээ. 2010 оноос С.Ламбаа сайдтай хоршин хоёр жил Эрүүл мэндийн дэд сайдаар нь ажилласан тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшин, анх гишүүнээр сонгогдсон. Хууль тогтоох дээд байгууллагад өдгөө гурвантаа сонгогдон ажиллаж буйн хувьд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын, Хүүхэд хамгааллын, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын, Жендерийн эрх тэгш байдлын, Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хууль санаачлан батлуулжээ. Мөн Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаас гадна Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийнтөслийгболовсруулжбуйталаар ньпарламентыналбан ёсны цахим хуудсанд жагсаасан байна. Төлөөллийн ардчиллын зарчмаар парламентад сонгогдсон УИХ-ын гишүүний хамгийн гол хийх ажил, үндсэн чиг үүрэг нь иргэд, олон нийтийн дуу хоолойг төрийн эрх барих дээд байгууллагад уламжлан хүргэх, тэдний эрх ашгийг бүрэн хангаж, төлөөлөхүйц хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргуулах явдал гэвээс тэрбээр “даалгавар”аа муугүй биелүүлж буй бололтой.
С.Одонтуяа хүүхдийн мөнгө, өрхийн амьжиргаа, хүний эрх, эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг нийгмийн асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлж, сөрөг хүчний дуу хоолой болдог. 2016 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд адил тэгш олгох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад “Мэдсээр байж популизм хийлээ” гэж улс төрийн хүрээнийхнээр шүүмжлүүлсэн ч нөгөө талдаа энэ нь иргэдэд таалагдсан үйлдэл байв. Гэвч тэрбээр тухайн жилийн УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгтээ дахин нэр дэвшээд унасан бөгөөд улмаар 2016-2020 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан түүхтэй. 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд АН-аас С.Одонтуяа ганцаараа торойсон нь тус намын нөлөө бүхий эмэгтэй гишүүдийн нэг гэдгийг харуулсан юм. Тиймдээ ч 2024 онд намынхаа жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэн УИХ-д “орж” ирэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын давхар албыг жил гаруйн хугацаанд хашсан. Сайдаар ажиллахдаа харин тоймтой “юм” хийж амжаагүй л болов уу.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа нь АТГ-т 2024 онд гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хоол үйлдвэрлэлийн салбарын “Сентозафүүдкорт”ХХК-ийн10хувийгэзэмшдэггэжмэдүүлсэн нь “Ашиг сонирхлын зөрчилтэй салбарууд” гэсэн ангилалд байгаа ч үүнтэй холбоотой ямар нэг зөрчил тэмдэглэгдээгүй байна. Олон нийтийн сүлжээнд зарим нэг мэдэгдлийг нь “поп” гэх зэргээр шүүмжилсэн хандлага байдаг ч авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай, луйвартай нэр холбогдсон бодит кейс одоогоор тогтоогдоогүй. Харин түүний нөхөр Г.Өлзийбүрэн 2013-2016 онд Газрын тосны газрын даргаар ажиллах үедээ байгууллагынхаа нэр дээрх машиныг гишүүн эхнэрийнхээ албан хэрэгцээнд ашиглуулсан тухай зөрчлийг аудитаар тогтоож байсан гэдэг. Ямартай ч С.Одонтуяа шиг мэдлэг, чадвар, туршлагатай, басхүү танхимдаа хүлээн зөвшөөрөгдсөн эерэг имижтэй парламентч ороо бусгаа энэ цагийн улс төрд “Би жагсаалтын гишүүн” гээд хойш суулгүй, олон нийтийн эрх ашгийн төлөө илүү дорвитой ажиллаж, сөрөг хүчний дуу хоолойг даацтай илэрхийлэх шаардлага бий.
Л.Аргамжин