Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 19-нд амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг ар гэрийнхэн нь “Гаднын нөлөөтэй, камергүй өрөөнд оруулж өөр нэг цэрэг нь зодсоны улмаас амиа алдсан. Биед нь хэд хэдэн хөхрөлт байсан” хэмээн үзэж, мэдээлэл хийгээд буй юм. Зөвхөн тухайн цэрэг нас барснаас гадна өмнө нь тус ангид цэрэг зодуулж гэмтсэн гэх асуудал ч сөхөгдөв.
Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штабаас харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлээд “Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байрлалд байлдагч Э.Ч нь тухайн өдрийн 19.30 цагийн орчимд таталт өгч, ухаан алдсан тул жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байх явцдаа нас барсан” гэх мэдээлэл ЗХЖШ-ын Шуурхай жижүүрт бүртгэгдсэн. Талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй. Түүнчлэн ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тооцох болно” хэмээн мэдэгдэв.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг “Цагдаагийн байгууллагад аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Эрэгтэй хүн хүргэгдэж ирээд нас барсан гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу шалгахад Зэвсэгт хүчний ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай залуу болох нь тогтоогдсон. Нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилоод байгаа. Үүнээс илүү мэдээлэл бидэнд ирээгүй” гэсэн юм. Энэ он гарснаас хойш цэргийн алба хаагчийн эрүүл мэнд хохирсон асуудал хоёр дахь удаагаа бүртгэгдсэнийг буйг цагдаагийнхан дурдсан байв.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар хэвлэлийнхэнд “2025 оны II ээлжээр татагдаж ирсэн хугацаат цэргийн алба хаагчид камергүй өрөөнд муудалцаж, зодолдож байсныг ангийн цэргүүд салгасан гэдэг мэдээлэл ирсэн. Цэргийн хоёр алба хаагчийн нэг нь тухайн өрөөнөөс гарч явахдаа ухаан алдаж унан, амиа алдсан. Камерт ухаан алдаж унан, амиа алдсан нь бичигдсэн гэдэг мэдээлэл ч бидэнд ирсэн. Зодсон цэргийг тухайн шөнийн 02.00 цагт цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэх мэдээллийг бид аваад байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Г.Орчлон