“Дөрвөн жил ресторан паб ажиллуулаад өнгөрсөн сард хаалгаа барилаа. 10 хүн цалинжуулж, түрээс болон татвараа төлж, боломжийн ажиллах гэж хичээж ирсэн. Үйлчлүүлэгч багассантай холбоотойгоор цөөнгүй ресторан, хоолны газар үйл ажиллагаагаа зогсоож байна. Яагаад үйлчлүүлэгчгүй болов гэхээр иргэдэд мөнгө алга. Гадуур хооллох бүү хэл, гэртээ ч олигтой хоол ундтай байна уу, үгүй юү. Үнэтэй архи, дарс худалдан авдаг хүн ч цөөрсөн. Бүхэлдээ л худалдан авах чадвар муудчихлаа” хэмээн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан нэгэн пабын эзэн ярилаа. Мөн тэрбээр татвар, түрээс өндөр, бас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, мах, гурилын үнэ тогтмол нэмэгдэж буй нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүнд тусаж байгааг илэрхийлсэн.
Баянгол дүүрэгт найман жил хүүхдийн хувцасны лангуу ажиллуулсан Ц.Амармэнд “Манайх түрээсийн биш, худалдан авсан өөрсдийн лангуутай байсан ч зарахаар болж, үйл ажиллагаагаа хаалаа. Тэгээд борлуулж байсан хувцаснуудаа 50-иас дээш хувиар хямдруулаад өгсөн. Өрсөлдөгчид олширсных уу, эсвэл иргэд онлайн худалдаагаар үйлчлүүлээд байна уу ерөөсөө хувцас зарагдахаа болилоо. Нэг ч бараа зарахгүй 2-3 хонох нь элбэг болсон. Бас бид хувцаснуудаа БНСУ, Японоос оруулж ирдэг, дунджаас дээгүүр үнэтэй учраас иргэд хүч хүрч авч чадахаа болив уу даа. Анзаараад байхад хэт хямд бараа, эсвэл үнэтэй нь зарагдаад, дундаж, түүнээс дээгүүр ханштай нь борлуулагдахгүй байх шиг. Цаг үрж, үйлчлүүлэгч хүлээж суухаар дэлгүүрээ хаая гэж шийдэн, дөрөвдүгээр сараас бүрэн буулгаж суллалаа. Харин Баянгол дүүргийн XIX хорооны нутаг дахь найман ам метр лангууны талбайгаа л зарж чадаагүй хэвээр, үл хөдлөхийн агентад хандчихаад байна” гэлээ.
Баянгол дүүргийн IV хороонд найман нэрийн дэлгүүрийг дөрвөн жил ажиллуулаад, ирэх сарын 1-нээс түрээсийн гэрээгээ цуцлахаар болсон иргэн Т.Тунгалаг “Шинэ ногоо, мах, сүү, талх, боорцог зэргийг борлуулж, нуулгүй хэлэхэд архи, шар айргийн худалдаанаасаа боломжийн ашиг олдог байв. Гэтэл бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тээврийн зардал сүүлийн таван жилд бараг 2-3 дахин өсчихлөө. Дэлгүүрт туслах ажилчин хийх хүн ч үгүй, бас ойр хавьд хоёр CU, нэг GS-25 дэлгүүрийг ашиглалтад оруулсны улмаас орлого илт буурсан. Хүмүүс шөнө, орой гэлтгүй CUгээс архи, дарс аваад, хооллоод суучихдаг юм билээ. Бас орон сууцын хороололтой ойрхон учраас айл өрхүүд үйлчлүүлэх нь элбэг байсан ч өнгөрсөн намраас тэдний орлого буурсан уу, эсвэл цалин нь хэрэглээндээ хүрэхээ байчихав уу, худалдан авалт нь багассаар, өр нь нэмэгдсээр, дэлгүүр ашиггүй ажиллах нөхцөл боллоо. Манайх гэхэд зүс таньдаг, мэддэг 20- 25 айлаас авах өр сүүлийн 3-4 сард лав 10 сая төгрөгөөс давсан. Ирэх сарын 1-нээс өмнө өрөө барагдуулаач гэж гуйгаад, хотхоны групп дээр бичээд, бухимдаад сууж байна. Товчхондоо иргэдийн худалдан авах чадвар буурч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд, зуучлан борлуулагч дэлгүүр, лангууныхан бид дампуурахад хүрлээ” хэмээв.
Жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан сүүлийн зургаан сард мэдэгдэхүйцээр хаалгаа барих болов. Оёдлын салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан “Ивээл” брэнд үүдээ барьсан бол гоо сайхны салон, шүдний эмнэлэг, мөн дээр дурдсанчлан ресторан болон цайны газар, хүргэлтийн компаниудын үйл ажиллагаа доголдон, дампуурснаа зарласаар байна. Яагаад ялангуяа жижиг, дунд үйлдэрлэл, үйлчилгээнийхэн бойжиж, томорч, өргөжиж чадахгүйгээр үүдээ хаагаад байна вэ. Энэ талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа. Эдийн засагч, зах зээлийн шинжээч С.Нарантөгөлдөр “Инфляц өсөн, зээлийн хүү чангарснаар өрхийн зардал нэмэгдэн хүмүүс ресторан, кофе шоп болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэх нь буурдаг. Сүүлийн жилүүдэд түрээс, цахилгаан, түүхий эдийн үнэ тасралтгүй өсөж байна. Бас татварын дарамт бий. Ийм нөхцөлд жижиг, дунд бизнесүүд, үйлчилгээний газрууд тэсэж үлдэх боломжгүй. Бас зах зээлд кофе шоп, караоке, ресторан, хүргэлт зэрэг хүмүүсийн түгээмэл үйлчлүүлдэг бизнес нэгнээ даган олшрох хандлагатай байдаг. Харин тэдгээрээр үйлчлүүлэгчдийн нийт тоо ерөнхийдөө тогтмол буюу нэмэгддэггүй учраас ашиг нь буурдаг гэсэн үг. Хэрэв инфляц тогтвортой байдаг, бизнесийн орчинд улирлын савлагаа үүсдэггүй, зээлийн хүү хямд бол бэрхшээл арай бага гарна” хэмээн тайлбарлав.
Тэгвэл эдийн засагч Д.Жаргалсайхан (Defacto) “Манай улсад татвар, шимтгэлийн дарамт маш их байна. Ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь хөгжингүй орнуудтай адил их учраас ажлын байр бий болгоход асар өндөр зардалтай болсон. Компаниуд жижиг хэвээр, эсвэл дампуурах, үгүй бол далд эдийн засагт шилжихээс өөр арга алга. Харин залуучууд ажилгүй, эсвэл гадаад орон руу явж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн бүтээж буй ажлын байр хомс хэр нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдсээр байдаг гажуудал үүссэн. Мөн төрийн өмчит компанийн тоо зуу хол давж, тэдний гуравны нэг нь алдагдалтай ажиллан төсвийг сорж, хувийн хөрөнгө оруулалтыг шахаж, жижиг, дунд бизнесүүдийн томрох боломжийг бууруулж буй хэрэг. Ярьвал олон юм байна” гэлээ.
Микро эдийн засгийн орчинд нэг хүн, нэг компани, нэг үйлдвэр нөгөөгөөсөө хамаарч, эрэлт үүсэж, нийлүүлэлтийг бий болгож, тэлж хөгждөг. Хэдэн арван шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгоод түүнийг худалдан авагч, хэрэглэгч байхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Тэгвэл худалдан авагч, хэрэглэгчийг бойжуулах, зах зээлийн идэвхийг нь нэмэгдүүлэх, орлогыг нь сайжруулахад макро эдийн засгийн бодлого, олон жилийн турш авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зээлийн хүү, суурь үнэ, тээврийн зардал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэтэл бидэнд макро, микро эдийн засгийн зөв бодлого, зах зээлийн гинжин хэлхээнд оролцох чадамж, хэрэгцээгээ хангаж хүчрэхүйц хөдөлмөрийн хөлс алга. Махны үнэ өсмөгц л өрхийн эдийн засаг доголдон, кофе шопоор ч үйлчлүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь улмаар нэг нэгэнтэйгээ хамааралтайгаар дампуурахад хүргэж буй хэрэг. Хэрэглээгээ танана гэдэг нь орлого муу байгаагийн илэрхийлэл бөгөөд үүнд олон хүчин зүйл нөлөөтэй. Энэ тухайд эдийн засагч О.Лут-Очир “Өнөөдөр ямар нэгэн бизнес үүдээ барина гэдэг өчигдрийн үйл явцаас улбаатай. Ялангуяа эдийн засгийн эффект үүсэхэд тодорхой хугацаа шаарддаг. Манай улс хэрэггүй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад сүүлийн жилүүдэд маш их хөрөнгө зарсан. Андлалын хөшөө гээчийг бариад, буулгаад ахиад барих нь л хэд хэдэн үйлчилгээний газрыг дампууруулах эффект үүсгэсэн гэхэд болно. Төсвийн мөнгийг зөв зүйлдээ зарцуулж, нэмүү өртөг бий болгох, эсвэл татварын хэмжээг өсгөхөөс сэргийлэх байтал ямар ч хэрэггүй зүйлд зарцуулчихдаг. Хамгийн осолтой нь бид үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон учраас ганц талхыг ч бодож, орлого, ашгаа тооцож байж барихгүй бол үргүй зардал болоод, улмаар бизнесүүд дампуурахад хүрнэ. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд хэмнэлттэй, шилэн данстай байхын зэрэгцээ дотоодод үйлдвэрлэх боломжтой бүхнийг хийж, өрсөлдөх чадамжаа дээшлүүлэх учиртай” гэсэн юм.