Боловсон хүчнээ шинэчилж, бататгах, хиймэл оюунаар орлуулах нь тухайн байгууллагын бодлого мэт боловч үнэн хэрэгтээ сүүлийн үед хамгийн маргаан дагуулсан асуудал энэ болж байна. Ялангуяа хиймэл оюуны гүйцэтгэлээр ажилтныг сольж халах нь цаг үеийн хурц асуудал болов. Хятадын Ханжоу хотын шүүхээр технологийн компани болон ажилтан хоорондох хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэжээ. Чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн Жоу хиймэл оюуны хэлний загвараар үүсгэсэн хариулт зөв, эсэхийг шалгах үүрэгтэй. Компани технологи хөгжүүлэх замаар түүний ажлыг хиймэл оюунаар гүйцэтгүүлэхээр шийджээ. Жоуг ажлаас халах, эсвэл цалинг 40 хувь бууруулж өөр албанд шилжүүлэх санал тавьсныг үндэслэлгүй гэж үзэн татгалзахад болзолгүйгээр халсан. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль бусаар ажлаас халагдсаны нөхөн төлбөр шаардсан аж. Шүүхийн шийдвэр “Ажлаас халах нь хууль бус. Ажилтныг хиймэл оюуны шийдлээр солих нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш” гэж алх цохижээ. Ингээд Жоу нөхөн төлбөр авах болов. Өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлаар үүнтэй адил хэд хэдэн маргааныг тасалжээ. Хиймэл оюуныг хэрэгжүүлэх нь ажилчдын эрхийг хүндэтгэлгүйгээр ажлаас халах боломж олгодог объектив гадаад өөрчлөлт биш, харин бизнесийн сонголт гэдгийг онцолсон байна. Хэдийгээр энэ нь Хятадын шүүхийн шийдвэр ч гэлээ дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудал гэдгийг тухайн мэдээг бэлтгэсэн сэтгүүлч онцолжээ.
2024 оноос хойш дэлхийн хэмжээнд компаниуд хиймэл оюун, автоматжуулсан системийг хурдацтай, түлхүү ашиглах болсон нь энэ мэтээр хөдөлмөрийн зах зээлд хэдийн “хэрэг тариад” эхэллээ. Өнгөрсөн жил олон улсын хэмжээнд ийм маргаанаас үүдэлтэй ажил хаялт цөөнгүй болсон. Жишээ нь АНУ-д 1.2 сая гаруй хүн ажлаас халагдсаны ойролцоогоор 4.5 хувь нь хиймэл оюунд “ялагдсан”. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар олон орны хувьд байгууллагуудын 66 орчим хувь нь автоматжуулалтын улмаас орон тоогоо цөөрүүлж эхэлсэн байна. Ялангуяа контент үйлдвэрлэл, програмчлалын чиглэлээр мянга мянган ажлын байр хумих болов. Олон улсын хөдөлмөрийн зах зээлийн саяхны тайланд дурдсанаар энэ оны эхний таван сарын байдлаар дэлхийн мэдээллийн технологийн салбарт 92 000 гаруй цомхотгол бүртгэгджээ. Өнгөрсөн сард гэхэд 90 компани 82 000 орчим ажилтнаа орон тооноос хассан. “Oracle” компани 30 000 хүртэл ажилтныг яг ийм шалтгаанаар халсан. Хамгийн хачирхалтай нь, цомхотголд өртсөн хүмүүс ажлын байраа “булаалгасан” хиймэл оюуныг өөрсдийн гараар сурган бэлтгэсэн. Тэгвэл “Амазон” компани энэ онд хиймэл оюуны дэд бүтцэд 135 тэрбум ам.доллар төсөвлөснөөр ойролцоогоор 8000 хүнийг үдэх талаараа зарлав. Зардал хэмнэх, өгөөжийг дээшлүүлэх нь гарцаагүй хэмнэлт ч гэлээ хиймэл оюунаар ажилтнуудыг солих нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шалтгаан биш гэдгийг Хятадын шүүх тодорхой харуулсан нь том амжилт гэжээ.
Ж.Хаан