Олон улсын “Бүүкер”-ийн шагнал гардуулах ёслол Лондон хотын “Tate modern” орчин үеийн урлагийн галерейд энэ сарын 20-нд боллоо. Орчуулгын уран зохиолын дэлхийн хамгийн нэр хүндтэй эл шагналын эзнээр Тайванийн зохиолч Янь Шуанзы “Taiwan travelogue” (Тайванийн тэмдэглэл) романаараа тодров. Ингэснээр тус наадмын түүхэнд анх удаа Тайванийн уран бүтээлч хятад хэлний мандарин буюу төв аялгаар туурвисан бүтээлээрээ уг хүндтэй шагналыг хүртээд буй юм.
Тус шагналын журмын дагуу 50 000 фунт стерлинг (64 000 орчим ам.доллар)-ийн мөнгөн урамшууллыг зохиолч Янь Шуанзы болон уг бүтээлийг англи хэлнээ орчуулсан Тайвань-Америк гаралтай орчуулагч Лин Кинг нар тэнцүү хуваан хүртжээ. “Бүүкер”- ийн шагнал нь орчуулгын уран зохиолыг амилуулахад туурвигч, хөрвүүлэгч хоёрын хөдөлмөр, авьяас билгийг ижил тэгш үнэлдэг учраас шагналыг үргэлж хамтад нь олгодог дүрэмтэй.
2020 онд анх уншигчдын хүртээл болж, Тайванийн уран зохиолын хамгийн дээд шагнал болох “Алтан тулга” (Golden Tripod Award)-ыг хүртсэн уг роман нь хэлбэр загварын хувьд тун өвөрмөц бүтээл юм. Зохиолын үйл явдлыг 1930-аад оны Японы колоничлолын үеийн Тайваниар аялсан япон эмэгтэйн тэмдэглэлд тулгуурлан бичжээ. Ингэхдээ түүний тэмдэглэлийг хожим нь судлаачид олж орчуулсан мэтээр захидал, эшлэл, зүүлт тайлбар ашиглан бичсэн бөгөөд мета-фикшн буюу зохиомол түүх хэлбэрээр өрнөдгөөрөө онцлогтой гэнэ.
Э.Сүйлэн