Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Т.Насанбуянгийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан “Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэнг өчигдөр олны хүртээл болголоо. Монголын театрын музейд дэлгэсэн эл үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан ховор эд зүйлс, түүхэн гэрэл зургуудыг дэлгэжээ. Мөн “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”, “Улаанбаатарын агаар” зэрэг үе үеийн сонсогчдын зүрхэнд хүрсэн алдартай бүтээлүүдийнх нь эх нот, гар бичмэлүүдийг анх удаа олны хүртээл болгож буйгаараа онцлог юм.
Т.Насанбуян нь Монголын хөгжмийн урлагт 60 гаруй жил зүтгэхдээ хүүхдийн дууны урын санг баяжуулах, найрал дууны урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан нэгэн. Түүний туурвисан “Нисгэгчийн дуу”, “Миний нутаг сайхан”, “Нарны баясгалан”, “Үзэсгэлэнт Монгол”, “Ном эрдмийн эх орон”, “Өнө мөнхийн ээж”, “Хүмүүсээ хүүхэд байх сайхан” зэрэг олон бүтээл өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй, ард түмний дуулах дуртай дуу хэвээр эгшиглэсээр байна. Эрхэм уран бүтээлчийн туулсан амьдралын замнал, хөдөлмөр, алдар гавьяаг толилуулах тус үзэсгэлэнг энэ сарын 26-ныг хүртэл олны хүртээл болгох аж.
Э.Сондор