Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийнхан уржигдар “Ариг”, “Капитрон” банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”- ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцын барилгыг хамтран санхүүжүүлэх боломж бүрдэж буй. Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр нийслэлийн ЗДТГаас хэрэгжүүлж буй дээрх төслийг “Ди Би Эм ассет менежмент” ХХК нь Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцын сангаар дамжуулан удирдаж, арилжааны банкнуудтай хамтран, хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт олгоно. Энэ хүрээнд дунд хугацаат санхүүжилтийг ногоон орон сууц, худалдаа, үйлчилгээний талбайн барилгын ажлыг гүйцэтгэх үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч байгууллагуудад олгож, Баянхошуу, Шархад дэд төвүүдийн 34 га талбайд 4200 айлын цогц эко хорооллын бүтээн байгуулалтыг 2026-2030 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд болон бага, дунд орлоготой иргэд урт хугацаатай ногоон орон сууцын ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг талууд онцолсон.
“Ди Би Эм ассет менежмент” ХХК нь төслийгхамтрансанхүүжүүлэгчарилжааны долоон банктай Хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн гуравдугаар сард үзэглэсэн юм.
Г.Сансар