Дэлхий дахинд өндөр настнуудынтоо өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор үе мөчний өвчлөл эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын хувьд ч мөн адил дундаж наслалтсүүлийн 30 жилд 10 гаруйжилээр нэмэгдэж, насжилттай холбоотой эмгэгүүд, тэр дундаа үе мөчний өвчлөл өсөхболсон талаар мэргэжилтнүүд онцолж буй. Үүний зэрэгцээ зам, тээврийн осол, спортын гэмтэл, буруухооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан залуу хүмүүсийн дунд ч үе мөчний эмгэг түгээмэл тохиолдох болжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг(УНТЭ)-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга, ахлах зэргийн эмч Н.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр 2023 онд УНТЭ болон ГССҮТ-ийн хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажиллаж, “Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” сэдэвт бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэн билээ. Мөн энэ онд Чех улсад зохион байгуулсан үе мөч, булчингийн өвчлөлийн судалгааны олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний чуулганы үеэр “Шилдэг залуу судлаач”- аар шалгарсан юм.
-Хэрх үе судлал, үе сэргээх төвийнхний үзүүлдэг тусламж, үйлчилгээний талаар эхлээд хэлж өгөхгүй юү. Танай хамт олон жилд хэчнээн төрлийн мэс засал хийж байна вэ?
-УНТЭ-т 2011 онд ревматологи буюу хэрх үе судлал болон үений мэс заслын чиглэлийг нэгтгэн, Хэрх үе судлал, үе сэргээх төвийгбайгуулсан юм. Тухайн үед ревматологи болон мэс заслын нийт дөрвөн эмчтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэнбол өнөөдөр хэрх үе судлалын дөрөв, үений мэс заслын таван эмчтэй ажиллаж байна. Жил ирэх тусам хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, манайхжилд дунджаар 700-800 орчим мэс засал хийдэгболсон. Эдгээрийн дийлэнх хувийг хиймэл үе солих болон үений дурангийн мэс засал эзэлдэг. УНТЭ-түений хиймэл үе солих мэс заслыг манай төвийн зөвлөх эмч М.Отгонбаяр 2007 онд анх нэвтрүүлж байсан түүхтэй. Одоогийн байдлаар өвдөгний хиймэл үе солих мэс заслыг хамгийн өргөн хүрээнд хийж байна. Үүний зэрэгцээ мөрний дурангийн, шөрмөс болон өвдөгний зөөлөн эдийгнөхөн сэргээх болон түнхний хиймэл үе солих, хөлийн тэнхлэг засах зэрэг нарийн мэргэжлийн мэс засал тогтмол хийдэг.
-Өвдөгний хиймэл үе солих мэс засал монголчуудад тийм ч тохиромжтой биш гэж ярих юм. Ер нь ямар тохиолдолд өвдөгний үе солих хагалгаа хийдэг юм бэ. Эмийн болон бусад эмчилгээ үр дүнгүй юү.
-Хиймэл үе солих мэсзасал нь үе мөчний эмгэгийн хамгийн сүүлийн шатны эмчилгээний сонголт байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, өвдөг болон ясны гадаргуугийн гэмтэл харьцангуй бага, эрт шатандаа байгаа тохиолдолд хиймэл үе суулгахаас өмнө мэс заслын өөраргуудыг сонгох боломжтой. Тухайлбал, үений дурангийн мэс засал, хөлийн тэнхлэг засах хагалгаазэрэг нь үйл ажиллагааг хадгалах, өвчний явцыг удаашруулахадүр дүнтэй арга болдог юм. Харин өвчин даамжирч, үений мөгөөрсболон ясны гадаргуу бүхэлдээ гэмтэн, эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд хиймэл үе солих мэс засал хийхээс өөр аргагүй. Үүний хамгийн үр дүнтэй эмчилгээ нь хиймэл үе солихюм. Учир нь уг мэс засал нь үений элэгдэж гэмтсэн гадаргууг авч, оронд нь хиймлээр орлуулдаг өндөр үр дүнтэй арга. Ийм мэс засалд орох заалттай иргэд мэргэжлийн эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу төлөвлөгөөтэйгөөр бэлдэж, тохирсон цаг хугацаанд нь эмчилгээ хийлгэх шаардлагатай. Манай төв 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл хиймэл үе суулгах 10 мянга гаруй хагалгаа хийжээ. Эмчилгээний дараах хүндрэлийн түвшнийг судалж үзэхэд 100 мэс засал тутмын ойролцоогоор нэг хувьд нь хүндрэл бүртгэгдсэн бөгөөд нийт өвчтөний 98-99 хувьд эмчилгээний үр дүн сайн гарсан. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлттэй ойролцоотүвшинд хүрснийг харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд үе солих мэс засал хийлгэхээр гадаад улс руу зориххүний тоо эрс буурч, дотооддоо олон улсын түвшний тусламж, үйлчилгээ авч байгаа.
Өвдөгний хиймэл үе солих мэс засалд ороход нөлөөлөх олон хүчин зүйл бий. Гол шалтгаан нь өвдөгний үеийг хамгаалдаг мөгөөрсөн гадаргуу элэгдэж, нимгэрснээр ясны гадаргуу ил гарах, улмаар зарим тохиолдолд яс гэмтэж, өөрчлөгдөх явдал юм. Ийм үед биеийн жингийн ачаалал үе дээр шууд ирж, хүчтэй өвдөх, алхаж гишгэхэд хүндрэлтэй болох, өвдгөө бүрэн нугалах, тэнийлгэх боломжгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Үүний дараа бие махбод өөрийгөө хамгаалах гэж үений эргэн тойронд яс ургаж эхэлдэг бөгөөд үүнийг ард иргэд “өвдөгний үенд яс ургасан” гэж ярьдаг. Энэ нь үе мөчний элэгдэл, насжилттай холбоотойгоор түгээмэл тохиолддог өөрчлөлтийн нэг хэлбэр. Гэхдээ энэ нь нас ахисан хүн бүрд ижил байдаггүй. Тухайлбал, 60-тай болон 80 настай хоёр хүний өвдөгний үений элэгдэл, үйл ажиллагаа харилцан адилгүй. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд 40 нас хүрээгүй залуучуудад өвдөг өвдөх, үе мөчний элэгдлийн шинж эрт илрэх болсон нь анхаарал татаж байна. Энэ нь хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, ажлын ачаалал, гэмтэл бэртэл зэрэгтэй холбоотой. Өвчнийг эрт үед нь зөв оношилж, зохихэмчилгээ хийхгүй хугацаа алдвал үе мөчний өөрчлөлт даамжирч, эцэстээ хиймэл үе солихмэс засал хийхээс өөр аргагүйд хүрдэг.
-Ахмад настнууд ихэвчлэн үе мөчний өвчнөөр өвддөг. Харин залуучуудын хувьд шалтгаан нь юу байна?
-Насжилт нэмэгдэхийн хэрээр үе мөч өвдөх эрсдэл өсөх нь физиологийн үзэгдэл бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Харин залуу болон дунд насны иргэдийн хувьд амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвх, спорт болон ахуйн осол, гэмтлийн түүх, мөн дасгал хөдөлгөөний зохистой байдал нь үе мөчний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Хальтирч унах, хазгай гишгэх, бэртэж гэмтэх зэрэгтяс хугараагүй байсан ч үе мөчний зөөлөн эдийн гэмтэл үүсэхнь түгээмэл. Гэвч олон иргэн “яс хугараагүй учраас ноцтой биш” хэмээн үзэж, шаардлагатай үзлэг, эмчилгээнд хамрагдалгүй орхих хандлага ажиглагддаг. Үүний улмаас “Хэдэн сарын өмнө гэмтсэн, тухайн үед хавдаад гайгүй болсон ч одоо өвдөж байна” гэсэн зовуурьтай хүмүүс хожуу шатандаа эмнэлэгт ханддаг. Үений холбоос, шөрмөс, жийргэвч болон бусад зөөлөн эдийн гэмтлийг эрт үед нь зөв оношилж, шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Анагаах ухаанд ийм төрлийн гэмтлийг дурангийн аргаар эмчилж байгаа бөгөөд энэ нь хиймэл үе солих мэс засалтай харьцуулахад харьцангуй бага зүслэгтэй, эдийн гэмтэл багатай, нөхөн сэргээх хугацаа богино гэх мэт давуу талтай.
Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд өвдөгний чагтан холбоосын гэмтэл түгээмэл бүртгэгдэх боллоо. Чагтан холбоос тасарсан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийснээр бүрэн сэргэдэг. Гэвч зарим хүн гэмтсэнээ мэдэлгүй удаан хугацаанд явах, эсвэл оношлогдсон ч эмчилгээ хийлгэхгүй байсаар мөгөөрс болон ясны гадаргууд ачаалал ирж, үе мөчний элэгдэл үүсэж, эргэшгүй өөрчлөлтөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, өвчний эхэн үед дурангийн хагалгаагаар бүрэн эмчлэх боломжтой байсан эмгэг хожуу шатандаа хиймэл үе суулгах, үений гадаргуу нөхөн сэргээх зэрэг илүү нарийн төвөгтэй мэс заслын эмчилгээ шаардах хэмжээнд хүрэх эрсдэлтэй.
-Өвдөг нь хүчтэй өвдсөний улмаас явж чадахгүй, таяг тулсан хүмүүс цөөнгүй. Үе солиулах мэс засал хийлгэх заалттай ч хагалгаанд орсны дараа хөдөлж чадахгүйд хүрдэг гэсэн айдастай байдаг юм билээ.
-Хөлний тэнхлэг алдагдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан, үе мөчний элэгдэл хүндэрсэн тохиолдолд хиймэл үе солих заалт үүсдэг. Гэвч өвчин удаан хугацаанд даамжирч, олон үе мөч өөрчлөлтөд орсон, булчин шөрмөс нь суларч, хөшингө болсон өвчтөнүүдийн тухайд нөхөн сэргээх хугацаа харьцангуй урт байдаг. Иймээс хиймэл үе солих мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, дасгал хөдөлгөөн тогтмол хийхнь эмчилгээний үр дүнг сайжруулдаг юм.
-Үе мөч өвдлөө гэхээр нуруутай холбож тайлбарладаг. Эхлээд нурууны мэс засалд орох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Үе мөчний өвчлөлийн бүтцийг авч үзвэл өвдөг, нуруу болон мөрний эмгэгүүд зонхилон тохиолдож байна. Зарим тохиолдолд өвчтөнд нуруу болон өвдөгний мэс засал аль аль нь шаардлагатай байх нь бий. Ийм үед тухайн өвчтөний хүндрэлийн зэргийг харгалзан үзэж, аль эмгэг нь илүү өдөр тутмынх нь үйл ажиллагаанд их нөлөөлж байгаагаас шалтгаалан мэс заслын дарааллыг тодорхойлдог. Харин хүндрэлийн түвшин ойролцоо тохиолдолд эхний ээлжид нурууны эмгэгийг эмчлэх нь илүү зохистой.
-Монголчуудын олонх нь үе мөчний асуудалтай байдаг нь анзаарагддаг. Энэ нь амьдралын хэв маяг, хоол хүнстэй холбоотой болов уу?
-Манай улс остеоартрит буюу үе мөчний элэгдэлт өвчлөлийн тархалт өндөртэй орны нэг. Судалгаагаар 100 мянган хүн ам тутамд ойролцоогоор 8000 орчим тохиолдол бүртгэгддэг гэсэн мэдээлэл бий. Монголчуудын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маяг, мал аж ахуйтай холбоотой хөдөлмөр эрхлэлтээс шалтгаалан гэмтэл, бэртэл авах эрсдэл харьцангуй өндөр. Түүнчлэн ази хүмүүсийн анатомийн онцлог болох хөлний тэнхлэгийн өөрчлөлт, тухайлбал майга хэлбэр нь биеийн жингийн ачааллыг өвдөгний үений дотор хэсэгт төвлөрүүлж, үений элэгдэл, өөрчлөлт үүсгэх хүчин зүйл болдог.
Манай улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үе мөч болон ясны өвчлөл цаашид ихсэх хандлагатай байгаа. Ясны сийрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Ахмад настнууд өөрсдийгөө ясны сийрэгжилттэй гэж үзэх нь түгээмэл боловч бодит оношилгоо, хэмжилт хийлгээгүй байдаг. Мөн эмчилгээний нэгдсэн стандарт, мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр дур мэдэн эм, бэлдмэл хэрэглэх нь бий. Иймд иргэд харьяа эрүүл мэндийн байгууллагадаа тогтмол үзүүлж, ясны сийрэгжилтийн хөнгөн, дунд, хүнд зэрэглэлийг тодорхойлуулан, түүнд тохирсон эмчилгээ хийлгэх нь чухал. Сийрэгжилттэй яс амархан хугардаг бөгөөд эдгэрэлт удаашрах, зарим тохиолдолд бүрэн бороолохгүй байх эрсдэлтэй. Ийм нөхцөлд мэс заслын эмчилгээ шаардлагатай бөгөөд сийрэгжсэн ясанд хагалгаа хийх нь техникийн хувьд илүү хүндрэлтэй болдог. Тиймээс ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй арга. Яс нь тодорхой хэмжээний ачаалал авч байж бат бөх чанараа хадгалдаг учраас тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй. Мөн дасгал хөдөлгөөн нь булчингийн массыг нэмэгдүүлж, яс, үе мөчний тогтвортой байдлыг хадгалдаг.
-Таныг мөрний үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн гэж сонслоо. Мөрний өвчлөл түгээмэл байдаг уу?
-Мөрний өвчлөл нь үе мөчний эмгэгүүдийн дунд гуравдугаарт бичигдэж байна. Нас ахихын хэрээр мөрний булчингийн шөрмөс элэгдэж, урагдах эрсдэл нэмэгддэг бөгөөд үүний улмаас мөр хөшиж, улмаар гараа өргөх, эргүүлэх, нуруундаа хүргэх зэрэг хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болдог. Хүндэрсэн тохиолдолд үсээ самнах, хоол идэх, хувцсаа өмсөх зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүдийг ч хийх боломжгүй болдог. Мөрний шөрмөсний үрэвсэл нь удамшлын хүчин зүйл болон амьдралын хэв маягтай холбоотойгоор үүсэх нь түгээмэл. Зарим тохиолдолд шөрмөс урагдаагүй байсан ч үрэвсэл үүсэж, уян хатан чанар алдагдан, хөшингө байдалтай болдог. Түүнчлэн мөрний үеийг тогтвортой барьж байдаг бүтэц гэмтсэний улмаас мөр сулрах, мултрах эмгэг үүсэх бөгөөд энэ нь ихэвчлэн гэмтлийн шалтгаантай.
-Сүүлийн үед нэврүүлсэн шинэ эмчилгээний арга юу байна. Тохойн үе солих болон ясны хавдартай хүмүүст эрхтэн хадгалах мэс засал хийж байгаа гэв үү?
-Өмнө нь яс болон зөөлөн эдийг хамарсан, үе дайрсан хавдрын үед тухайн мөчийг бүхэлд нь тайрах мэс засал хийдэг байв. Харин 2013 оноос эхлэн мөч хадгалах мэс заслыг нэвтрүүлсэн. Тодруулбал, хавдартай хэсгийг авч, оронд нь тусгай протез суулгах замаар мөчний үйл ажиллагааг сэргээж, хадгалдаг болсон. Ингэснээр өвчтөн гар, хөлөө бүтэн авч үлдэхээс гадна хөдөлмөрийн чадвар болон амьдралын чанар мэдэгдэхүйц сайжрах юм. Мөн түнхний хиймэл үе солих болон шагайн мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүллээ. Ерөнхийдөө манай төв үе мөчтэй холбоотой бүх л төрлийн эмгэгийн мэс заслын тусламж үзүүлж байгаа. Одоогийн байдлаар хиймэл үе солиулах шаардлагатай 1000 гаруй иргэн дарааллаа хүлээж байна. Хэдийгээр энэхүү мэс заслыг улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд хийдэг ч УНТЭ, ГССҮТ-д ачаалал өндөр.
-Хүүхэд, залуус сагс тоглох, фитнессээр хичээллэхдээ өвдөг, тохой, мөрөө гэмтээх тохиолдол цөөнгүй. Үүнээс сэргийлэх арга болон үе мөчөө өвтгөхгүй байх талаар зөвлөгөө өгөөч.
- Спортоор хичээллэх явцад гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, сагсан бөмбөг зэрэг спортоор хичээллэх үед үсрэх, буух техник болон хөдөлгөөний зөв дадлыг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлийн түвшинд зааж өгснөөр гэмтлийн эрсдэлийг бууруулж болно. Фитнессийн дасгалын хувьд ч мөн адил зөв техник, ачааллын зохицуулалттайгаар, аажмаар нэмэгдүүлэн хичээллэх шаардлагатай. Ингэснээр холбоос, булчин, шөрмөс бэхжиж, үе мөчийг хамгаалах нөхцөл бүрддэг. Харин үений гадаргуугийн гэмтэлтэй хүмүүс богино хугацаанд хэт их ачаалал авахгүй байх нь чухал. Үрэвслийн шалтгаантай үений өвчний эхэн үед хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах шаардлагатай байдаг бол элэгдэлтэй холбоотой өвчний үед эсрэгээрээ тогтмол хөдөлгөөн, тохирсон дасгал хийх нь эерэг нөлөө үзүүлдэг. Үений мөгөөрсөн давхарга болон жийргэвч нь цусан хангамжгүй тул үений шингэнээр нэвчиж тэжээгддэг. Иймээс зохистой дасгал хөдөлгөөн хийх нь үений үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Хүнсний нэмэлт төрөл бүрийн бүтээгдэхүүн дур мэдэн хэрэглэхээс илүүтэйгээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, өөрийн биеийн онцлог, ачаалалд тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөж байна.