Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, одоо УИХ-ын гишүүний ажил хийж байгаа Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нууцаар бараалхжээ. Албан ёсны мэдээгүй, чимээ аниргүй болсон учир нууц уулзалт гэх нь зөв болов уу. Тэд уулзаад юу ярьсан нь мэдээжээр тодорхойгүй. Гэхдээ “Хоёр Ерөнхийлөгч тун тухтай уулзсан, уулзалтаар “Бодь” болон З.Энхболд хоёрын талаар ярьсан” тухай Төрийн ордноор нэг шуугиж байна. З.Энхболд яахав, Х.Баттулгын Тамгын дарга байсан, зөвхөн улс төр гэлтгүй хувь тавилангийн нэг завинд суучихсан учир шоронгоос гаргах талаар хөөцөлдөх үүрэгтэй. Харин яагаад “Бодь” гэдэг сэдэв хөндөгдөв? “Бодь” гэдэг бол Д.Баясгалан, Д.Баясгалан гэдэг бол Гашуунсухайтын төмөр зам, нийлээд “Бодь”-ийн 110 сая долларын авлига болно. “Бодь”-ийн 110 сая долларын авлига 2 сарын өмнө дуулиан шуугиан болж гарч ирээд нам дарагдсан. Х.Баттулга нь “Бодь” буюу Д.Баясгаланг Гашуунсухайтын төмөр замыг барихад Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлдэг байсан. Гашуунсухайтын төмөр замыг ҮАБЗ дээр ярьж нууцад авч асуудлуудыг нь шийдсэн гэдэг. Мөн Х.Баттулга нь төмөр замын гэрээ эхэлж байхад Д.Баясгаланд Гавьяат эдийн засагч цол шагнаж байсан. Л.Оюун-Эрдэнэ 2 сарын өмнө АТГ-т 110 сая долларын авлигаар гомдол өгөхдөө тэр мөнгөнөөс нэгэн зочид буудалд хүргэсэн гэх утгатай зүйл мэдээлсэн. Энэ мэтээр Х.Баттулгад “Бодь”-ийг ярих хэрэгцээ байж магадгүй л юм. Аа тийм, З.Энхболд, бас Н.Өнөрцэцэг “Бодь”-ийн талаар таагүй зүйл яриад удалгүй шорон руу ачигдаж байсан билээ.
М.Бат-Эрдэнэ