“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэд хэдэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсоны нэгийнх нь гэм буруутай, эсэхийг шүүх дэнсэлжээ. Тус компанийн Эдийн засаг, хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.Азжаргалд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө хахууль авсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг түшиглэж хийсэн юм. Хэрэгжүүлэх албаны даргаар нь Х.Азжаргал ажилласан бөгөөд уг ажлыг гүйцэтгэгч “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрөөс удаа дараа их хэмжээний хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэлийн хяналтыг баталгаажуулсныхаа хариуд танилынхаа дансаар 25 сая, ажлаа дутуу хийж, Улсын комисс ажиллах боломжгүй гэж дүгнээд байхад эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэр гаргаж, 20 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан.
Уг хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцээд Х.Азжаргалыг нийтийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасан, нэг жил хорих ял шийтгэжээ. Түүний хахуульд авсан 45 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.